Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн НҮБ-ын албанаас 2017 онд эмэгтэйчүүдийн амь насанд халдсан гэмт хэргийн мэдээлэл танилцууллаа.

Дэлхий дахинд 2017 онд нийт 87 мянга орчим эмэгтэй амь насаа алджээ.  Хохирогчдын 58 хувь буюу 50 мянга нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон байна.  Өөрөөр хэлбэл өдөрт 137 эмэгтэй эр нөхөр эсвэл ойрын хамаатныхаа гарт амь насаа алджээ.

Гэтэл эрчүүдийн тухайд үл таних хүмүүсийн гарт амь насаа алдах явдал хамгийн өндөр байдаг гэнэ. Иймээс охид, эмэгтэйчүүдийн амь насанд хамгийн аюултай газрыг "гэр" гэж үзжээ. Түүнчлэн НҮБ-аас хохирогчдын ихэнхийг хамгаалах боломжтой байсан гэж мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өдөр бүр өртдөг боловч цагдаад мэдэгддэггүйд дараах шалтгаан бий гэж үзжээ. Үүнд, дахин хүчирхийлэлд өртөж, цээрлэл хүртэхээс эмээх, эдийн засаг болон сэтгэл зүйн хамаарал, цагдаа энэ хэргийг тоож үзэхгүй гэсэн айдас, гэр бүлийн нууц зэрэг шалтгаан хамаарна гэж НҮБ-ын илтгэлд дурджээ.

Мөн 2012 оноос хойш эмэгтэй хүн гэр бүлийн орчинд нас барах явдал 10 хувиар өссөн гэдгийг тодотгожээ. Энэхүү эрсдэл Америк болон Африк эмэгтэйчүүдийн дунд өндөр байна гэжээ.

Италид 16-70 насны 100 мянган эмэгтэй тутмын 31.500 нь амьдралынхаа аль нэг цаг үед бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэнэ. Гэхдээ тэдний 35 хувь нь л энэ тухайгаа албаныханд мэдэгддэг, улмаар эдгээр тохиолдлын 0.4 хувьд эмэгтэйчүүд амь насаа алддаг гэх тоо байгаа юм.

                                                                                               Эх сурвалж: washingtonpost.com, cnn.com