Сэтгэл гутрал нь гунигтай байхаас өөр бөгөөд нуруун дээрээ хүнд ачаа үүрч яваа мэт санагддаг байна. Хэрэв тухайн хүн 14 хоногоос дээш хугацаагаар гуниглаж өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхгүй болбол сэтгэл гутралд орсны шинж гэнэ. 

Сэтгэл гутрал нь ген болон орчноос шалтгаалдаг байна. Тухайлбал, тархины үйл ажиллагаа, айдас, стресс, хүчирхийлэл, санхүүгийн асуудал, уй гашуу зэргээс үүдэлтэй хямрал, гормоны өөрчлөлт, нойрны болон даралтын эм зэргээс шалтгаалдаг байна.

Мөн улирлын чанартай сэтгэл гутрал гэж байдаг бөгөөд өвлийн хүйтэн цаг ууртай орны иргэдэд түлхүү тохиолддог байна. Тодруулбал, 20-30 настай таван хүн тутмын дөрөв нь эмэгтэй байдаг гэнэ.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр сэтгэл гутралд өртсөн 300 сая хүн байгаа юм. Сэтгэл гутралтай хүмүүсийн 50 хувь нь ямар нэг зүйлээс айж түгшсэн байдаг ба насанд хүрэгчдийн 15 хувь нь ямар нэг байдлаар сэтгэл гутралд өртдөг байна.

Сэтгэл гутралд орсон хүнд гуниглах, итгэл алдрах, уур уцаартай болох, дуртай зүйлд сонирхол буурах, нойргүйдэл эсвэл хэт их унтах, ядрах, ой тогтоолт муудах, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэл гарах, хоолны дуршил өөрчлөгчдөх, амиа хорлох талаар бодох, толгой, гэдэс, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Тухайлбал, эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их амиа хорлох оролдлого хийдэг болж эрчүүд амиа хорлолтоор нас барах эрсдэл дөрөв дахин их байдаг. Мөн амиа хорлосон хүмүүсийн 40 хувь нь өмнө нь дор хаяж нэг удаагийн оролдлого хийсэн байдаг аж.

Харин эрүүл хооллох, тогтмол цагт унтах нь сэтгэл гутралыг эмчлэхэд тустай юм. Мөн дасгал хийснээр стресс тайлагдаж сэтгэл зүй сайжирдаг байна. Ялангуяа иог, бясалгал хамгийн тохиромжтой дасгал юм. Учир нь үүнд ямар нэг төхөөрөмж шаардлагагүй бөгөөд биеийн хүчний ачаалал багатайгаас гадна гар утас, интернет ном зэргээс зааварчилгаа авах боломжтой байна.

Үүнээс гадна тэмдэглэл хөтлөх, ойр дотныхонтойгоо ярилцах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах зэрэг нь үр дүнтэй юм.

Эх сурвалж: Verywellmind, Psycom