Хөгжилтэй орнууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ажлын байран дээр хүүхэд хөхүүлэх байгуулах, хүүхэд харах үйлчилгээг эхнэр, нөхөрт адил тэгш олгох зэргээр олон арга хэмжээ авч байна. Харин манай улсад цалинтай ээжийн 50 мянган төгрөг, Алдарт эхийн одон зэрэг эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Гэвч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төрийн бодлого байхгүйгээс үүдэн “хүүхдээ харсан ажилгүй эмэгтэйчүүд” олшроод байна. 

Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй гадны туршлагыг судлахад хамгийн наад зах нь албан байгууллагад Эхчүүдэд зориулсан өрөө байна. Гэвч манай улсад албан байгууллага байтугай үйлчилгээний газруудад хүүхэд хөхүүлэх, живх солих өрөө дутмаг байна шүү дээ? 

Тийм шүү. Хөх чинэрэхийн зовлонг хүн болгон мэдэхгүй байж болно. Гэхдээ удирдах албан тушаалын хүмүүс үүнийг мэдэхгүй байх нь инээдтэй асуудал. Энэ чинь хүний наад захын хэрэгцээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод “Ажлын байран дээр хүүхэд хөхүүлэх, асрах өрөө байх, хүүхэд хөхүүлэх цаг өгнө” гэж заасан байдаг. Гэвч зүйл заалт манай улсад жаахан орхигдсон байгаа нь үнэн. Бидний ад үзэж ярьдаг социализмын нийгмийн үед одоогоос хамаагүй дээр байсан шүү. Яслиуд нь 45 хоногтой хүүхэд авдаг, ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх хоёр цагийн чөлөө олгож, үүнийг нь ажилласанд тооцдог байсан. 

Тэгэхээр ажлын байранд ээжүүдэд зориулсан өрөө заавал байх шаардлагатай юм байна тийм үү? 

Тийм, зайлшгүй шаардлагатай. Яагаад гэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь хөдөлмөрлөх эрхтэй. Өнөөгийн Монголын бодлогын баримт бичигт эмэгтэйчүүдийг хүүхэд хардаг, халамж хүртдэг хүн л гэж харж байгаагаас биш ажил хөдөлмөр хийх ёстой гэж ойлгохгүй байна. Гэвч улсын ажиллах хүчний статистикт 2014 онд зөвхөн хүүхдээ харж байгаа учраас ажил хийж чадахгүй байна гэсэн эмэгтэй 74 мянга орчим байсан бол 2018 онд 111 мянга болж өссөн байна. Үүн дээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг эмэгтэйчүүд ороогүй. Эхийн хөдөлмөрийг 50 мянган төгрөгөөр үнэлдэг манайх шиг улс дэлхийн хаана ч байхгүй. Төр засаг үүнийгээ аягүй мундаг халамж өгчихсөн юм шиг бодож байна. 

Уг нь манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих бодлогыг 2030 он хүртэл баримтлах ёстой. Яагаад гэхээр манай улсын хүн амын цонх нээгдчихсэн буюу хөдөлмөрийн насныхан их хувийг эзэлж байгаа. Гэтэл энэ хүмүүс ажил хийж чадахгүй байна. Ингээд энэ хүмүүс ажил хийж чадахгүй, амьдралын баталгаагүй байхаар хэдэн жилийн дараа орлогогүй, ядуу тэтгэвэр, тэтгэмж харсан ядуу эмзэг давхарга бий болно. Гэвч ийм хүмүүс чинь жил бүр зуун хэдэн мянгаараа өсөөд байна. 

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа

Монгол эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхээ хангуулах хүсэл эрмэлзэл хэр байна вэ? 

Яг үнэндээ хөдөлмөрлөх эрх байтугай хүний эрх гэдгээ мэдэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ 2015 онд 700 гаруй эмэгтэйгээс судалгаа авахад 96 хувь нь хүүхдээ гаргасан ч ажил хийх хэрэгцээ шаардлага, сонирхол байна гэж хариулсан. Гэтэл гэр бүлийн орчин, хөдөлмөр эрхлэх орчин ээлтэй бус байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс хүүхдээ харангаа ажлаа хийх нөхцөлийг бодлогоор бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 

НҮБ-ын хүний эрхийн хороонд Монгол улс гурав дахь удаагаа хүний эрхийн нөхцөл байдлын дүгнэлт илтгэлээ 10 сард явуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор хэсэг хүний эрхийн чиглэлийн байгууллагууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байгаа талаар албан бичиг явуулсан боловч “ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЖ ЯЛГАЖ ДЭМЖИХ ШААРДЛАГАГҮЙ” гэх утгатай хариу ирсэн. Яам нь өөрөө ингэж байхад хүүхдийн цэцэрлэгийг нэмье, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлье гэдэг бол худлаа лоозон байхгүй юу. 

Тэгвэл таныхаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ? 

Эхлээд ажил олгогчтой ярих хэрэгтэй. Ажил олгогч зохистой хөдөлмөр гэж юу болохыг ойлгосны дараа хүний хөдөлмөрийг дэмжинэ. Хөдөлмөр эрхлэлтийн орчин гэдэг нь зөвхөн байшин барилга бус хүүхэд харах өрөөтэй байх, цайны өрөө тусдаа байх зэрэг нь нэг үзүүлэлт. Нөгөө талаасаа хамт олны уур амьсгал, удирдлага ажилтан хоёрын харилцаа чухал. Үүн дээр удирдлага нь ажилтнаа байж болохгүй хэл амаар доромжилдог явдал байна. Тэгэхээр үндсэндээ зохистой хөдөлмөр гэдгийг ажил олгогч нар ойлгож орчинг нь бүрдүүлснээр үнэнч ажилтнууд бий болно. Мөн ажлын байрны бэлгийн дарамт их байна. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй эрх мэдэлтэй байгаа нь эрх мэдэлгүйгээ дарамталж байна. Энэ удаагийн хөдөлмөрийн тухай хуульд аливаа дарамтаас урьдчилан сэргийлэхийг ажил олгогчийн үүрэг болгох заалт оруулсан. Гэвч эдгээр зүйл заалтыг зөрчвөл яах талаар оновчтой хариуцлага байхгүй байна. Одоогийн мөрдөгдөж буй хууль муу биш. Гэхдээ эмэгтэй хүн хоёр, гурван хүүхэд гаргаад ажилдаа орох гэхэд халчихсан байдаг, хурдан ажилдаа оръё гэхээр оронд чинь хүн авчихсан гээд авахгүй байх тохиолдлууд нийтлэг гарсаар байна. 

Эмэгтэйчүүд хүүхэд гаргаж, тодорхой хугацаанд ажил завсарддагаасаа болоод удирдах албан тушаалд очих магадлал эрчүүдээс хамаагүй бага байна гэж Дэлхийн банк мэдээлсэн. Энэ хэр үнэн вэ?

Үнэн. Дэлхий дахинд амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь цөөхөн хүүхэд гаргасан байдаг. Үүнээс л эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхийн хажуугаар карьераа хөөх боломж байхгүй байгааг харж болно. Жишээ нь, хамт их сургууль төгссөн залуу шууд ажилд ороод, би хүүхэд гаргаад гурван жилийн дараа ажилд ороход зэрэг төгссөн залуу хэлтсийн дарга болсон байна. Үүнээс болоод л цалингийн зөрүү, каръер гээд бүх зүйл өөр. Иймээс дэлхий нийтээр охид эмэгтэйчүүдийг дэмжихийг уриалчхаад байхад Монголын төр “эмэгтэй хүнд ялгавартай хандах шаардлагагүй” гэж байна. 

Орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт мөн ижил байна уу? 

Хүний эрхийн форумын ажлаар хэд хэдэн аймгаар яваад ирлээ. Яг ижилхэн нөхцөлтэй байна. Ялангуяа сумын цагдаа нар үнэхээр хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч байна. Гурван өрөөтэй вагончиг шиг юманд амьдардаг юм байна. Нэг нь ажлын, нөгөө нь амьдардаг, нэг нь гэмт хэрэгтнийг түр саатуулдаг өрөө юм байна. Ийм орчинд цагдаагийн гэр бүл яаж тайван амьдрах юм бэ? Тэгэхээр юун ээлтэй хөдөлмөр эрхлэх орчин. Уг нь дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилт гэж гаргаад зохистой хөдөлмөрийг дэмжье гээд байна шүү дээ. 

Магадгүй эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо нэмэгдэхэд нийгэмд ямар эерэг үр дагавар гарах вэ? 

Яг эерэг сул гэж хэлэхээр өрөөсгөл болно. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан хөдөлмөрлөөд ирэхээр бүтээмж нэмэгдэнэ. Ингээд нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөнө. Хүйсийг нь хөшигний ард нуучихвал боловсролтой, хөдөлмөрийн чадвартай олон хүмүүс ажилгүй байна. Ажлын зарын 80 орчим хувь нь тогооч, үйлчлэгч, зочид буудлын ажилтан авна гэсэн байгаа нь эмэгтэйчүүд олноор ажилладаг салбарт ажиллах хүчин дутагдаж байгааг харуулж байна. Үүнийг л төр засаг анхаарахгүй хүүхэд харж буй эмэгтэйд 50 мянган төгрөг өгч байна. Гэвч энэ мөнгийг авахын тулд хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд нэг ч төгрөгийн орлогогүй, ажилгүй, арчаагүй гэдгээ нотлох шаардлагатай.

Эмэгтэйчүүд хүүхдээ харж, гэртээ суудгаас болж эхнэр нөхрийн хооронд маргаан үүсэх, бүр цаашлаад гэр бүл салах тохиолдлууд гардаг гэж сэтгэл судлаачид хэлдэг. Энэ талаарх таны бодол? 

Мэдээж ажилтай, ажилгүй хүмүүсийн сэтгэл зүй тэс өөр байдаг. Учир нь эмэгтэй хүн гэртээ суугаад нийгмийн амьдралаас холдож, гэрийн ажлаас өөр харьцаагүй байна. Харин нөхөр нийгмийн амьдралд оролцож, өдөржингөө ажлаа хийж байна. Үүнээс болоод л “Чи намайг тоохгүй байна” гэх гомдоллууд гардаг. Эрэгтэй эмэгтэй хүний тархины үйл ажиллагаа өөр байдаг гэдгийг тархи судлаачид тогтоосон байна. Тодруулбал, эрэгтэй хүний тархины үрчлээс гүн, эмэгтэй хүнийг гүехэн байдаг. Ингэснээр эрэгтэй тархинд нэг мэдээлэл очиход тухайн асуудалд анхаарлаа сайн төвлөрүүлдэг. Харин эмэгтэй тархинд ирсэн мэдээлэл олон тийш тархах боломжтой байна. Үүгээрээ эмэгтэй хүн нэг зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулах чадвартай байдаг. 

ОУ-ын байгууллагууд Монголд жендерийн ялгаатай байдал их байгааг хэд хэдэн судалгаагаар тогтоосон байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүд илүү өндөр боловсролтой ч бага цалин авдаг, эрчүүд байр машин зэргийг эзэмшдэг бол эмэгтэйчүүд хөргөгч, угаалгын машин эзэмшиж байна гэсэн. Гэвч харамсалтай нь төр засгийн зүгээс энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Та үүнийг юу гэж харж байна вэ? 

Жендерийн ялгаатай байдлыг харгалзаж үзсэн төрийн бодлого, үйл ажиллагаа үнэндээ сул байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хэтэрхий онолын байна. Жендерт онолын асуудал гаралгүй л яахав. Гэхдээ бодит байдал дээр ижил ажил хийж байгаа ч эмэгтэйчүүд бага цалин авах тохиолдлууд байна. Монгол улсын тэргүүлэх салбар буюу цалин өндөртэй уул уурхай, банк санхүү, техник технологийн салбарын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд. Харин боловсрол, эрүүл мэнд зэрэг цалин багатай үйлчилгээний салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Ингээд харахад л жендерийн асар том ялгаа гарч байгаа юм. Тиймээс бодлого гаргаж өндөр цалинтай салбарт эмэгтэй оюутныг бэлтгэх шаардлагатай байна. Яагаад гэвэл бодлогоор дэмжиж байж л эмэгтэйчүүдийг илүү гаргаж ирнэ. Үүний нэг жишээ нь хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан өрөө. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ үл хамааран, санаа зовохгүйгээр ажил дээрээ тайван ажиллах боломж. Хөхүүл эмэгтэй хөхөө саахгүй л бол тайван ажиллах хэцүү. Гэвч манай улсад хөхүүл эхэд зориулсан өрөө гаргах нь жендерийн ялгааг арилгах бодлого гэж харахгүй байгаад л учир байна. 

Зарим улсад хүүхэд харах чөлөөг эрэгтэй, эмэгтэй хүмүүст ээлжилж олгож байна. Гэвч манай улсад зөвхөн эмэгтэйчүүдэд хүүхэд харах чөлөөг олгодог. Тэгэхээр хүүхэд харах асуудалд эрэгтэйчүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ? 

Энэ бол уламжлалт ойлголт, хандлагатай холбоотой. Эмэгтэй хүн бол гэрийн эзэгтэй, хүүхдээ өсгөнө гэх буруу ойлголт уламжлаад хүмүүсийн хандлагат суучихсан байна. Үүнийг одооноос өөрчилж, зөв чиглүүлэх ёстой. Гэхдээ энэ уламжлал ганц Монголд бус Азид бий. Жил бүр Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган гэж болдог. Энэ үеэр эдийн засгийн засаглалд эмэгтэйчүүдийн түвшин ямар байгааг гаргаж байна. Үүнд Европын орнууд өндөр үзүүлэлттэй байдаг бол Азийн орнууд хамгийн бага байдаг. Азиас ганцхан Япон сүүлийн хоёр жилд өсөлт гаргаж чадсан. Учир нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж байж л эдийн засгийн боломжийг нь нэмэгдүүлнэ үү, гэхээс “Чадалтай юм бол эмэгтэйчүүд өөрсдөө гараад ир” гэдэг юм биш байхгүй юу. Яагаад гэвэл эмэгтэй хүнд байгалиас заяасан нөхөн үржихүйн үүрэг байна. 

Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.