Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Парисын дарь эхийн сүмийг олон улсын тусламжтайгаар таван жилийн дотор засварлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, “Франц улс дайн, хувьсгалт хөдөлгөөний үед сүйдсэн хот, сүм, боомтуудаа дахин засварласаар ирсэн. Иймээс сүмээ олон улс, иргэдийн тусламжаар таван жилийн дотор сэргээх шаардлагатай байна” гэжээ.

Өчигдөр гарсан түймрийн улмаас сүмийн орой бүтэн шатаж дээврийн томоохон хэсэг сүйдсэн байна. Зарим судлаачид сүмийг сэргээн засварлах ажилд 10 жил шаардлагатай гэж үзсэн юм.

Дахь эхийн сүмийн олон нийттэй харилцах албаны мэдээлснээр сүм доторх хосгүй үнэтэй эд зүйлсийн 80 хувийг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Харин Парис хотын прокурорын газрын хэлснээр санаатайгаар гал тавьсан гэх нотолгоо олдоогүй гэнэ.

Францын иргэд сүмийн гал унтарснаас хойш сэргээн босголтын ажилд хандив өргөж эхэлсэн бөгөөд 24 цагийн дотор 600 сая евро цугларчээ. Тухайлбал, Гуччи, Ив Сен-Лоран, Александр МакКуин брэндийг эзэмшдэг Керин группийн гүйцэтгэх захирал Франсуа-Анри Пино 100 сая евро, Луи Виттон, Кристиан Диор, Фенди брэндийн толгой компани болох LVMH-ийн гүйцэтгэх захирал Бернар Арно 200 сая еврог хандивласан байна.

Эх сурвалж: RT, ABC