НМХГ-аас хийсэн шалгалтад 228 эрүүл мэндийн байгууллага хамрагдсан ба зургаа нь эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр их эрсдэлтэй, 110 дунд эрсдэлтэй, 112 эмнэлэг бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. 

Мөн 13 өрхийн эмнэлэг 0-5 насны хүүхдийг үзлэгт хамруулж, хяналт хийдэггүй ба Таны төлөө бид, Өргөө болон Хүрээ амаржих, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн эрүүл мэндийн төв, БЗД-ийн эмнэлгийн хоолны илчлэг хангалтгүй байжээ. Тухайлбал, эдгээр эмнэлгийн хоолны илчлэгийн хоногийн хэмжээ стандартаас 0.9-6 дахин бага байсан юм. 

Түүнчлэн хэрэглэх хугацаа дууссан долоон нэрийн эмийг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн байна. 

Үүнээс гадна ХСҮТ нь шалгаруулалт хийлгүйгээр 25 хүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулан эмчээр, нүүр амны эмч мэргэжилтэй хүнийг клиник лабораторийн эрхлэгчээр ажиллуулж байжээ. 

Харин ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй, Өргөө амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо, ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтний асуудлыг хэлэлцдэггүй байна. 

Хяналт шалгалтын явцад 80 эмнэлэгт лабораторийн шинжилгээ хийхэд 9.6 хувь үзлэгийн өрөөний нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Шалгалтаар эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр бага эрсдэлтэй 56, дунд эрсдэлтэй 68, их эрсдэлтэй дөрвөн байгууллагыг илрүүлсэн юм.

Мөн хүний нөөцийн хангалт стандартын шаардлага хангаагүй, эмч нар өвчний түүх, хяналтын картыг бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.