Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангаас Монголд эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. 

Уг төслийн санхүүжилтээр 179.7 сая төгрөгийн 11 нэр төрлийн шалгалт баталгаажуулалт, засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн харьяа газарт нийлүүллээ.

Тодруулбал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын зориулалттай 89.6 сая төгрөгийн гурван нэр төрлийн долоон ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр ургийн монитор, нярайн фото эмчилгээний аппарат, кварцын аппаратны ажиллагааг шалгах боломжтой болж байна.

Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт 90.1 сая төгрөгийн дөрвөн төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн уг төслийн санхүүжилтээр дээрх 26 байгууллагын инженер бүр самсунг маркийн таблеттай боллоо. Энэхүү таблетыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг тогтмолжуулах юм. 

Сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагад төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламжийн хүрээнд тоног төхөөрөмжийг нийлүүлсээр байна. Тухайлбал, гуравдугаар сард Японы засгийн газраас  буцалтгүй тусламжаар найман тэрбум орчим төгрөгийн 34 ширхэг хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэн өгчээ.