Сүүлийн саруудад махны эрэлт ихсэж, үүнийхээ хэрээр үнэ нь нэмэгдсээр байна. Тухайлбал, эрэлт ихтэй байдаг хонь, үхрийн мах аль хэдийн 10 мянган төгрөг даваад байгаа юм.

Ийнхүү махны үнэ өсөхөд нөлөөлж буй гол зүйл нь махны нийлүүлэлт багасаж, эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Тэгвэл Засгийн газраас 2018 онд 4000 тонн мах нөөцөлж, өнгөрсөн сарын 15-аас нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 127 цэгээр худалдаалж эхэлсэн юм.

Ийнхүү нэг сарын хугацаанд  900 тонн нөөцийн махыг иргэдийн хэрэгцээнд нийлүүлжээ. Цаашид нөөцийн мах борлуулах цэгийг нэмэгдүүлэх өргөтгөсөн худалдаа хийхээр төлөвлөсөн байна.

Төрөөс махны үнийг захиргааны аргаар тогтоох боломжгүй харин эрэлт нийлүүлэлтийг хангах, мах бэлтгэл, нөөцлөлтийг бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг салбарын сайд Ч.Улаан мэдэгдлээ.

Тухайлбал, цаашид махны үнийг тогтвортой байлгах үүднээс энэ жил 10-12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөжээ. Үүнтэй уялдуулан мах бэлтгэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зоорь, боловсруулах үйлдвэрийг сайжруулахаар ажиллаж байгаа юм.

Нийслэлд 15 мянган тонн мах нөөцлөх зоорь байдаг ба эдгээрийн дийлэнх нь хувийн ААН байдаг гэнэ. Мөн цаашид ч нөөцийн махны үнэ одоогийн худалдаалагдаж буй үнээрээ тогтвортой байна гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Мөн махны үнэд нөлөөлдөг экспорт, мах бэлтгэлийн асуудал дээр анхаарч, дотоодын хэрэгцээндээ уялдуулан махаа экспортлох, хэрэглэгч, бэлтгэгч хоорондын шат дамжлагыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн зориулалттай боловсруулах махыг зах дээрээс борлуулахыг хязгаарлах бодлого барьж байгаа гэлээ.

Нийслэлийн статикийн газрын мэдээллээр дөрөв болон энэ сард үхрийн ястай болон цул мах 9599-11614 төгрөг, хонь болон ямааны ястай мах 6399-8753 төгрөг, адууны ястай мах 6745 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 11-20 хүртэл хувиар өссөн үзүүлэлттэй байна.