Сар шинийн өмнөхөн улсын аварга малчин, тариаланч, фермерүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Засгийн газраас ажил хөдөлмөрөөрөө манлайлсан улсын аваргуудыг шалгарууллаа.

Энэ жил 21 аймгаас улсын аварга 108 малчин, хошой аваргаар есөн малчин тодорсон байна. Үүнээс хамгийн олон улсын аварга малчин Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгаас төрөн гарсан бөгөөд Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ аймгаас гурав, Булган, Дорнод, Дундговь аймгаас тус бүр дөрөв, Дорноговь, Завхан, Өмнөговь аймгаас тус бүр тав, Архангай,  Баян-Өлгий, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгаас тус бүр зургаа, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгаас долоо, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгаас найман улсын малчин шинээр тодорчээ.

Эдгээр аварга малчид малаа таван төрлөөр нь өсгөж сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Түүнчлэн улсын аварга саальчнаар Архангай, Дундговь, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгаас тус бүр нэг харин Баянхонгор аймгаас хоёр хүн шалгарсан байна. Харин улсын аварга фермерээр гурван хүн, улсын аварга тариаланчаар 14 аймгийн 22 иргэнийг шалгаруулжээ.

Ийнхүү улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу сар шинийн баярын өмнө олгох юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил 136 улсын аварга малчин, 10 хошой аварга малчин, есөн саалчин, таван фермерчин улсын аварга болсон байна.