Засгийн газраас Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт дэвшүүлж, цэцэрлэг шинээр барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Гэвч энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 20 гаруй мянган хүүхэд хамрагдаж чадахгүй гэх урьдчилсан тооцоо гарчээ. 

Харин энэ тоог багасгаж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж БСШУСЯ-аас үзсэн байна.

Энэ хүрээнд салбар яамнаас Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл сэдэвт уулзалт зохион байгуулжээ. 

Уг уулзалтаар ААН-үүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй ААН-ийн удирдлагатай уулзалт хийжээ. 

Уулзалтын дүнд АПУ ХК, Мобиком, Монос групп, Төрийн банк, Таван богд ХХК, Улсын клиникийн төв эмнэлэг, Делта Зонстракшн ХХК, Энержи Ресурс ХХК, МАК, Ленд ТН ББСБ, Хөгжил Трейд ХХК, Хайпер Маркет ХХК, Адмон ХХК-ний удирдлагууд оролцож, Байгууллагын цэцэрлэг санаачлагад нэгдэн ажиллахаар болжээ.

Сануулахад, цэцэрлэгт шинээр элсэгч хүүхдүүдийн цахим бүртгэл энэ сарын 22 хүртэл явагдаж байна. Энэ жил 33 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.