Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 4367 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдон 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс аюулт үзэгдэл, ослын тоо 4.12 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь насыг аварч, 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

Гамшгийн уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас нийт 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Нийт аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь нь гал түймэр, 4.57 хувь нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байгаа юм.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн 52 хувь нь усанд, 37 хувь нь объектын гал түймэрт, зургаан хувь нь бичил уурхайн осол, дөрвөн хувь нь аадар бороо, үерт, 0.5 хувь нь химийн ослын улмаас амь насаа алджээ.