Энэ жил Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиох бөгөөд баяр наадмыг 2.9 тэрбум төгрөгөөр зохиохоор боллоо. Гэхдээ үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.  

Түүнчлэн энэ  жилийн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, Зураг: Mongolian Today

Мөн жил бүр наадмын үеэр буюу долдугаар сарын 11,12-нд болдог Улаанбаатарын үдшээр Чингис хаан хамтлаг болон Баянмонгол чуулга тоглолтоо хийх юм байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Шадар сайд Ө.Энхтүвшин төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болголоо.

Мөн бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах үүднээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг албаныханд даалгалаа.

Түүнчлэн  баяр наадмыг зохион байгуулах хорооны дараагийн хуралдаанаар салбар хороодын бүрэлдэхүүнийг эцэслэн батлахаар болсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн баяр наадмыг хоёр тэрбум 981 сая төгрөгөөр зохиосон юм.