Жилийн өнгийг зурхайн зурлагаар яаж тодорхойлдог юм бэ? 

Шороон үхрийн зурлагаар жилийнхээ ноён нурууг шинждэг уламжлалтай. Хуучин цагт зурхайч лам нар тухайн жилийнхээ өнгийг шинжиж шороон үхрийн зурлага болон үхэр хариулагчийн зургийг маш томоор зурж хүрээ хийдийн гадна томоор хаддаг байсан. Түүнийг нь иргэд хараад жилийнхээ төлөв байдлыг шинжиж ирсэн уламжлалтай. 

Тэгвэл хулгана жилийн өнгө ямар байна вэ? 

Энэ жилийн шороон үхрийн толгой нь цагаан, бие омборуу өвчүү, туурай, цулгуй хөх өнгөтэй. Эвэр, чих, сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод, ногт нь шар, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулагч нь шар царайтай малгайгаа зүүн гартаа барьсан дээл нь ногоон өнгөтэй, бүс нь цагаан нэг гэзэг үсээ баруун чихний араар, нөгөө гэзэг үсээ зүүн чихнийхээ урдуур унжуулж сүлжиж боосон, хөх гутал өмссөн мяндсаар томсон бургасан улаан шилбүүр барьсан хүч чадал ихтэй хүүхэд үхрийнхээ өмнө яаравчлан гүйж байна. 

Дээрх зурлагыг шинжиж хэлбэл? 

Энэ жил нялхас буюу түмэн олонд маш сайн, өвгөд хөгшдөд дунд зэрэг, залууст муу гэсэн зурлага гарсан байна. Энэ жилийн хувьд төрийн хууль цаазын хэрэгжилт  сайжирч, улс орон амгалан түвшин болох нигууртай. Залуу хүмүүсийн ажил үйлс нь бүтэмжтэй, үр ач дэлгэрэх машид сайн, хаваржилт жаахан хүнд байж, ард иргэдийн  аж амьдрал доройтох ч зун ба намар өвлийн улиралд ажил үйлс бүтэмжтэй болж ахуй амьдрал сайжирна. Энэ жил УИХ болон орон нутгийн сонгууль болно. Ард иргэд сонгуульд идэвхтэй оролцож зөв хүмүүсээ гаргаж, эх орон дэвжин дээшлэх байх гэж хэлж болохоор байна. Гэхдээ эрх баригчдад халгаатай жил болно. 

Ямар жилтэй хүмүүс онцгой засал хийлгэх шаардлагатай байна вэ?

 Хулгана жилтэй буюу жил нь орох 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хулгана жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Түүнээс гадна гал суудал дээр суусан эрэгтэй, усан суудал дээр суусан эмэгтэй хүмүүс Гүймэг засал буюу есөн зүйлийн гай барцдаас хамгаалах засалтай. Мөн морь, туулай, тахиа жилтэй хүмүүс харш суудлын засал хийлгэнэ. Үүнээс гадна луу, бич жилтнүүд хулгана жилтэй ивээл тул Түнсэмийн засал хийлгэх шаардлагатай. Эм жил болох үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүдийн суудал өнцөгдөж байгаа. Мөн бич, тахиа жилтнүүд Нашдүрсэмийн засал хийлгэнэ. 10, 19, 28, 37, 46, 54, 63, 72, 81, 90, 99 настнууд мэнгэний засал хийлгэнэ. 

Эдгээр заслыг заавал шинийн 15-нд багтаж хийлгэх ёстой юу?

Заавал шинийн 15-ны дотор хийлгэвэл сайн гэх ойлголт нь туйлширсан хэлбэр. Шинийн нэгнээс 15-ны дотор айл өрхийн ноён нурууг даатгаж, их хөлгөн судар болох том номнуудыг уншуулах нь хамгийн чухал. Жишээлбэл, Алтан Ганжуур, Сундуй, Жадамба, Доржзодов, Цэгмидийн Чого, Улаан юм, Арван хангал тахиулах гэх зэрэг  хөлгөн номууд. Гэр бүлийн гишүүд заавал бүгдээрээ хүрээ, хийдийн газар руу явалгүйгээр нэг хүн нь төлөөлж ном бичүүлэх нь зүйтэй. Ер нь зурхай гэдэг нь таван махбодын онолд суурилсан шинжлэх ухаан юм. Энэ нь бодитой зүйлийг барьж тухайн хүний төрсөн жилийг огторгуйд ургасан жилтэй шинжиж үздэг бас нэг шинжлэх ухаан. 

Цаг уурын нөхцөл байдал хэр байхаар байна вэ?

Улирлын эхэн, дунд саруудад цас, хур бороо их бууж, ургамлын гарц сайжран, зургаа, долдугаар сард хур тунадасны дундаж урд жилүүдээс бага байна. Үүнтэй уялдуулаад иргэд газар орноо аргадан тахил хийвэл зүйтэй. Өвөлжилт жоохон хүндрэх болно. Цас бага унаж, харын зуд болох талтай, өндөр уул толгод тал хээрийн бүс нутгаар өвс ногоо цэцэг навч их дэлгэрэх ба тариа ногоо, хадлан ургац арвин авч, үр жимс их дэлгэрнэ. Хавар, намрын эхэн дунд сард халуун хижиг, хүйтэн өвчин, лус бадганы чанартай өвчин гарч магадгүй. Тийм учраас иргэд эрүүл мэнддээ анхаараарай. Малд машид сайн, хүнд дунд зэрэг байна. 

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.