Олноо хэдийн А.Даваабаатар аварга хэмээн танигдсан хуйрнан шуугигч тэмцээнд 20 гаруй удаа түрүүлсэн, өсвөрийн хошой улсын аварга А.Даваабаатар болон түүний дүү А.Дашнямтай ярилцлаа. А.Даваабаатарын хувьд долоон нас хүрсэн учир энэ жил хуйрнан шуугигч тэмцээнээс зодог тайлж байгаа юм. Ээжийнхээ талаас бөхийн удамтай хэвлүүхэн яриатай бяцхан бөхчүүдийн ярилцлагыг хүргэе.

Сайн байна уу? Миний дүү нар өөрсдийгөө танилцуулаарай. Хэдэн настай вэ?

Намайг Амгаланбаатарын Даваабаатар гэдэг. Долоон настай.

Намайг Амгаланбаатарын Дашням гэдэг. Таван настай.

Та хоёрын хувьд хуйрнан шуугигч тэмцээнд оролцож нэлээдгүй олон түрүүлсэн байдаг. Хэзээнээс хуйрнан шуугигч тэмцээнд оролцож эхэлсэн бэ?

А.Даваабаатар: Оролцоод гурван жил болж байна. Тэмцээнд анх оролцоод хоёрын даваанд унасан. Дахиад оролцсон чинь бас л хоёр даваад уначихсан. Харин гурав дахь удаагаа оролцоод хүрэл медаль авсан. Одоогоор нийт 20 удаа түрүүлсэн байна.

А.Дашням: Би ахыгаа барилдаж түрүүлсний дараа хуйрнан шуугигчид оролцож эхэлсэн. Ганц л удаа түрүүлсэн.

Зодог шуудаг нь, Зураг: Өдрийн Тойм

Миний хоёр дүү гэртээ байнга л барилддаг гэсэн. Хоорондоо барилдахаар хэн нь дийлдэг вэ?

А.Дашням: Голдуу агаа давдаг.

А.Даваабаатар: Дүү маань бас хүчтэй болохоор намайг заримдаа давдаг юм.

Хуйрнан шуугигч тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ?

А.Даваабаатар: н.Цэрэнпунцаг хамгийн хүчтэй өрсөлдөгч маань байсан. Дандаа суйлж, тахимдах мэх хийдэг. Би голдуу хутгах, тахимдах, гар ачих, шагай татах мэх хийдэг.

А.Дашням: Миний хувьд н.Түвшинтогтох. Яагаад гэвэл дандаа гар бариад хонгодох мэх хийдэг. Харин би халз хутгах мэхийг хийдэг.

-А.Даваабаатар 20 алт, 12 мөнгө, 4 хүрэл медальтай. Мөн алдартан дэвжээнээс 6 медаль, улсын аваргын 2 медаль бий-

Та хоёр их олон мэх мэдэх юмаа. Энэ олон мэхийг хэн зааж өгсөн бэ?

А.Даваабаатар: Бид хоёр зурагтаар бөх үзэж байгаад л дэвээ шаваа, мэх сурдаг. Зарим мэхийг нь аав зааж өгсөн л дөө. Тэгээд сурсан мэхээрээ хоорондоо барилддаг.

Тэгвэл бөхчүүдээс хэнийг нь дэмждэг вэ?

А.Дашням: О.Хангай, Э.Даш, Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва нар мэхээ гоё хийдэг.

А.Даваабаатар: Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Гончигдамба, О.Хангай, П.Бүрэнтөгс, Б.Бат-Өлзийг дэмждэг. Энэ бөхчүүд их уран барилдаантай.

Миний хоёр дүү том болоод ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

А.Даваабаатар: Дархан аварга Ж.Мөнхбат шиг бөх болохыг мөрөөддөг.

А.Дашням: Харин би Ч.Санжаадамба шиг бөх болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл хөөрхөн царайтай бас сайн барилддаг.

-А.Дашням улсын аваргын нэг алт, 8 мөнгөн медальтай-

Та хоёр бөхөөс өөр спорт сонирхдог уу?

А.Даваабаатар: Би сагс тоглох дуртай. Стеффен Карри, Коби Брайнт, Кевин Дурант нарыг үзэж, шидэлт сурдаг.

А.Дашням: Би чөлөөт бөх, жүдод дуртай. Зурагт үзэж байгаад мэх сураад ахтайгаа барилддаг.

Миний хоёр дүү бөхийн талаар нэлээн сайн мэддэг юм байна ш дээ. Тэгвэл энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?  

А.Даваабаатар: О.Хангай түрүүлэх байх.

Дашням: Би Ц.Содномдоржийг түрүүлнэ гэж бодож байна.

А.Даваабаатар, Зураг: фэйсбүүк

А.Даваабаатар Хэнтий аймагт болсон өсвөрийн улсын аваргын тэмцээнд түрүүлсэн гэсэн. Миний дүү энэ тухайгаа яриач?

Энэ жил 5-6 насны ангилалд оролцож аварга болсон. Өнгөрсөн жил 4-5 насны ангилалд бас түрүүлж байсан. Энэ жил түрүүлэхэд жоохон хэцүү байсан. Яагаад гэвэл Багануураас ирсэн бөхчүүд их хөдөлгөөнтэй байсан болохоор мэх хийхэд хэцүү байсан. Тиймээс би өөрийнхөө үндсэн мэх болох гар ачаад хутгах мэхийг хийж давсан.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Ирээдүйн дархан аваргууд болоорой.