1924 он бол улс тунхагласан биш харин хамжлага ёсыг халж бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр юм .

1911.12.29-ны өдөр бол тусгаар тогтнол эрх чөлөөний өдөр , энэ бол ястан үл харгалзан нэгдэн нийлсэн монголын ард түмний чин хүсэл зорилгын өдөр мөн. Үүний гэрч нь 1945.10.20-ны өдрийн санал хураалт , энэ санал асуулга одоо дахин явагдахад үр дүн нь мөн л адилхан гарна. 45 оноос өмнө явуулсан ч мөн л адилхан үр дүн гарах байсан гэдэгт би итгэдэг.

Гол нь ард түмний хүсэл эрмэлзэл, үүний үр дүнд эх орончид төрдөг юм. Хэрэв ард түмэн хүсэхгүй бол тусгаар тогтнолын тухай ярих ч хэрэггүй. Том жишээ бол Шотландын санал асуулга. Монголчууд зөвхөн монгол улсын тусгаар тогтнол үндэсний эрх ашгийн төлөө байгуулсан гавьяаных нь төлөө Чойбалсан, Цэдэнбал нарын бүх алдааг уучилдаг. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч тусгаар тогносон улс болох байсан гэсэн яриа байх ёсгүй юм.

Монголчууд яагаад манж болон хятадуудад дургүй байдаг вэ гэхээр цаад утга нь бүх монголчууд тусгаар тогтнолдоо ямар их хайртайн илэрхийлэл юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан.

1911 оны хувьсгал бол монголын тусгаар тогтнох их үйлсийн эх ундарга агуу их үйл хэрэг , 1921 оны ардын хувьсгалын урьдчилсан нөхцөл болсон монголын түүхийн гайхамшигт үе мөн.1911 онд монголчууд тусгаар тогтнож, бие даан оршихын төлөө тэмцээгүй бол Монгол улс гэж байх болож ч байхгүй бид бүрмөсөн түүхээс арчигдах байлаа.

Бидний туулж болзошгүй байсан гашуун хувь тавиланг өмнө зүгт Өвөр Монгол, умар зүгт Буриад Монгол ахан дүүсийн маань гунигт түүх өдөр бүр бидэнд сануулж байдаг .

Тусгаар тогтнол гэдэг эрхэм үнэт зүйлээ нүдний цөцгий мэт хайрлаж яв, цохилох зүрхнийхоо тоогоор тусгаар оршихуй минь өнө удаан жил оршин байх болтугай.

19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үе бол монголын түүхийн хамгийн эззэгтэй цаг үе байлаа, олон зуун жил манжын харьяанд байж дэлхийгээс таслагдан хоцрогдсон бүдүүлэг феодалын хязгаар нутаг болчихсон. Үндэстний хувьд мөхөж устаж ч мэдэх аюул нүүрлэсэн орон байв.

Манжын засаг төр нь үнэндээ манж нэртэй хятад түшмэл эрх мэдэлтэнгүүдийн засаг захиргаа болсон тул хятад иргэдийн эрх ашгийг түлхүү барих болж монгол газар хятад иргэдийг олноор нь нүүлгэн сулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ бодлогоо шинэ засгийн газрын бодлого гэж нэрлэж байв.

Шинэ засгийн бодлого нь зах хязгаар нутгаа хятад иргэдээр дүүргэж чадсанаар уг нутгуудыг бусад их гүрнүүдэд алдахгүй гэж тооцоолж байсан. Энэ чухал эгзэгтэй цаг мөчид монгол үндэсний эх ашгаа дээдлэн төр улсаа тусгаар тогтнуулах их үйлс монголын хаа нэгтээгээс эхлэх байсан.

Энэхүү түүхэн боломж гагцхүү халх нутагт байж болохоор байлаа. Халх нь газар зүйн маш ашигтай газар хятад хүн амаас хол , хойно орших орос улсын нөлөө их Oросын ашиг сонирхолын бүс нутаг болж байсан.

Иймээс л энэ бүх гадаад дотоод нөхцөл бүрдэж анх халх нутагт МОНГОЛ улсын тусгаар улсыг тунхагласан түүхтэй. 1911 оны хувьсгал маш том түүхэн үүрэг гүйцэтгэж монголын ард түмэнд улсаа хятадаас тусгаарлах үзэл санааг баттай эргэлт буцалтгүй суулгаж чадсан.

1911 оны хувьсгалын ачаар л Бодоо Данзан Сүхбаатар нарын залууст шинэ санаа эр зориг итгэл үнэмшил суусан. Тиймээс 1911 оны хувьсгал бол 21 оны хувьсгалын эх ундарга суурь юм. Тэгэхээр 1911 оны хувьсгалын тулгын 3-н чулуу болсон, чин ван ХАНДДОРЖ, сайн ноён хан Намнансүрэн , да лам Цэрэнчимэд нарын баатрууд монголын түүхэнд үүрд мөнхөд үлдэх хувьтай юм.

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын мэнд хүргэе.