Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа ЧД-т ажиллаж, боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. 

Тус дүүрэгт 13 барилгын ажил он дамжин хийгдэж байгаа ба дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн 10 барилгыг хичээлийн жил эхлэхээс өмнө хүлээлгэн өгөх юм. 

Тухайлбал, ЧД-ийн зургадугаар хорооны 74-р цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байна. Гэвч барилга барьж буй газар нь намагтай учир бага зэргийн суулт өгсөн ба барилгын ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 1.2 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд барилгын ажлыг Грийн ресурс констракшн ХХК гүйцэтгэж байна.

Мөн 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 17-р хороонд баригдаж буй 103-р цэцэрлэгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хэдийгээр төлөвлөгөөт хугацаанаас хоцрогдолтой байгаа ч наймдугаар сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Сонирхуулбал, энэ жил нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орох юм.