Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар нэгтгээд байна. Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх санал иржээ.

Тухайлбал:

  • Өөр аймгийн нутагт 3748 өрхийн гурван сая толгой малыг отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  • Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх  санал ирээд байна.

Харин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянган га газарт нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаа юм. Улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.