Энэ сарын нэгэнд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цэцэрлэгийг барихаар Долт Интернэншл ХХК, БСШУСЯ-тай өнгөрсөн онд гэрээ байгуулсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас ажил удааширчээ. Энэ хугацаанд дүүргийн Засаг дарга захирамж гарган барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, гурван удаа ажлаа түргэвчлэх албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн хотын дарга С.Амарсайхан цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчигдсөн нь илт байгааг сануулж байсан юм. Тиймээс нөхцөл байдлын талаар холбогдох албаныханд мэдэгдэж, гүйцэтгэгч компанийн эрхийг түдгэлзүүлж, өөр компани сонгохыг үүрэг болгосон байна.

Налайх дүүрэг нь 36425 хүн амтай ба долоон хороотой юм. Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт Налайхыг материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр ложистик, технологи нутагшуулах парк, боловсруулах үйлдвэрлэлд тулгуурлан хөгжүүлэхээр тодорхойлсон байна. Ингэснээр Налайхыг зорих иргэдийн тоо эрчимтэй өсөж, 2030 он гэхэд хүн амын тоо 65 мянгад хүрнэ гэх урьдчилсан тооцоо гарчээ.