Жил бүр болдог нийслэлийн Авто машингүй өдрийг зохион байгуулах Хотын даргын захирамжийн дагуу энэ жил Улаанбаатар марафон-2019 тэмцээн энэ сарын 18-ны 07:00-17:00 цагт явагдана.

Авто машингүй өдрөөр Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургуулийн гудамжууд болон Элчингийн гудамж, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнтэй холбоотойгоор мөн дээрх чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах юм. Тодруулбал,

  • Их тойруугаар явах чиглэлүүдэд- Баянбүрд, Үндэсний шуудан сонин, Сансрын ШТС зогсоолуудаар,
  • Нарны замаар явах чиглэлүүдэд- Жигүүр гранд,ЗЦГ, Миний дэлгүүр зогсоолуудаар,
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд- Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,
  • Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүд- МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар,
  • Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүд- Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв зогсоолуудаар явах гэнэ.

Харин хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар, хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар иргэдэд үйлчлэх юм.

Нийтийн тээврийн хэрэгслүүд 17:00 цагаас хойш үндсэн маршрутаар явах юм байна. Мөн энэ өдөр марафонд оролцох гүйгчид, сонирхогчид Чингисийн талбайд 08:00 цагт цуглаж, 09:30 минутад гүйлтийн тэмцээн эхэлнэ. Гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 16-ыг хүртэл бүртгэх юм.