Энэтхэгийн агаарын бохирдол дордсоноор Шинэ Дели хотод хүчилтөрөгчийн мухлаг нээгдлээ. Худалдааны төвийн буланд нээгдсэн Oxy Pure гэх уг мухлагт жүрж, лаванда, шанц, эквалит, гааны үнэртэй хүчилтөрөгчийг 15 минут амьсгалахад 4-7 доллар төлдөг юм. 

Уг мухлагийн эзний хэлснээр сүүлийн 14 хоногт үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин ихсэж өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг болсон байна. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зарим нь тус мухлагийг тодорхой хэмжээний тустай гэж үзсэн бол бусад нь ямар ч хэрэгцээгүй, зөвхөн баячуудад зориулсан гэж эсэргүүцжээ. 

Тус хотын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээг 20 дахин давсан ба хотын захиргаанаас онц байдал зарлаад байгаа юм. Улмаар барилгын ажлуудыг зогсоож, сургуулиудыг хаасан байна. 

Энэтхэгт өвлийн цагт салхи багасаж, тариачид өвс шатааж тариалангийн талбай гаргадагтай холбоотойгоор агаарын бохирдол ихэсдэг юм. 

Эх сурвалж: RT, NY times