Энэтхэгийн Неллай хотын сүмээс 1970-аад оны үед хулгайлагдсан Бүжиглэж буй Шива хөшөө Австралийн Аделаиде хотын дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс олдлоо.

Хөшөө хулгайлагдсан гэдгийг тус үзэсгэлэнгийн Азийн бүтээл хариуцсан эрхлэгч 2016 оны есдүгээр сард тогтоосон байна.

Энэ талаар Энэтхэгийн өв соёл хамгаалах Бахархалын хөтөлбөр олон улсын сүлжээний үүсгэн байгуулагч Вижэй Кумар, “Австралийн үзэсгэлэн уг хөшөөг хулгайлагдсан гэдгийг хоёр жилийн өмнө мэдсэн. Гэвч тэдний архивласан хөшөөний гэрэл зураг 1958 оных байсан. Иймээс тэд хөшөөний гарал үүслийг мэдэж байсан ч үүнийгээ нуусан” гэжээ.

Үзэсгэлэнгийн цуглуулгад гарал үүсэл нь тодорхойгүй 24 бүтээл байгаагийн нэг нь 76 см өндөр, 100 кг жинтэй уг хөшөө юм. Үүнийг 2001 онд Их Британий зуучлагчаар дамжуулан Европын нэгэн нууцлаг цуглуулагчаас 436 мянган Австрали доллараар худалдаж авсан байна.

Үзэсгэлэнгийн тухайн үеийн захирал Рон Радфорд зуучлагчаас хөшөө хулгайлагдаагүй гэсэн баримтыг шаардсан ч эзэмшигч нь гарал үүслийг нь мэдэхгүй байсан гэжээ.

Энэтхэгийн тал 30 хоногийн дотор хөшөөг эргүүлэн авах хүсэлтийг Австралид илгээсэн бөгөөд Австрали уг асуудалд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Энэтхэгийн соёлын яамны мэдээлснээр 1976-2001 оны хооронд хулгайлагдсан 19 бүтээлийг эргүүлэн авсан бөгөөд үүнээс хойш алдагдсан бүтээлээ нутагт нь авчирч чадаагүй гэнэ.

Эх сурвалж: CNN