Энэтхэгийн засгийн газар Пакистантай эзэмшлийн маргаантай байдаг Кашмир мужийн өөрсдийн удирддаг хэсэг болох Жамму Кашмир мужийн статусыг нэгдсэн бүс нутаг болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. 

Мөн Жамму Кашмирийн нэг хэсэг болох Ладак мужийг тусад нь нэгдсэн бүс нутаг болгох гэнэ. Уг шийдвэрийг ерөнхийлөгч Рам Нат Ковинд батласнаар хэрэгжиж эхлэх юм. 

Жамму Кашмир муж нэгдсэн бүс нутаг гэсэн статустай болсноор Шинэ Дели хотын удирдлагад очих ба Энэтхэгийн бусад мужийн иргэд тус мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, ажилд орох, тэтгэлэг авах эрхтэй болно. 

Ингэснээр зөвхөн Исламын шашинтнуудын суурьшдаг тус мужид ардчилсан өөрчлөлт гарна гэж хүний эрхийн идэвхтнүүд үзэж байна. Мөн Пакистан, Энэтхэгийн харилцааг улам муутгаж мужийн хүчирхийллийг нэмэгдүүлэх магадлалтай гэнэ. 

Пакистаны засгийн газар Энэтхэгийн уг шийдвэрийг хууль бус ба Исламын шашинтнуудын эрхийг зөрчиж байна гэж үзэн НҮБ-д гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэтхэг, Пакистан улсууд Кашмир мужийг өөрсдийн эзэмшил гэж үздэг бөгөөд хоёр хувааж хяналтаа тогтоожээ. Тус муж 70 гаруй жилийн турш хоёр орны маргааны бүс байсаар ирсэн бөгөөд дэлхийн хамгийн аюултай газруудын нэг юм. 

Эх сурвалж: CNN, Al jazeera