Энэтхэгийн засгийн газар электрон тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаанд хориг тавилаа. Учир нь электрон тамхи нь залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 

Гэхдээ электрон тамхины хэрэглээг хориглох эсэх нь тодорхойгүй байна. Мөн хоригийг зөрчсөн хүмүүст гурав хүртэлх жилийн хорих ял оноох ба хоригт жирийн тамхи хамааралгүй юм. 

Энэтхэгт тамхи татдаг 100 сая гаруй насанд хүрэгч байдаг ба жилд 900 мянган хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг байна. 

Электрон тамхины шингэн нь никотин, ус, уусгагч, амт оруулагчаас бүтдэг ба үүнээс гарах уурыг сорсноор тамхинаас гарах хүсэл төрүүлдэг байна. Гэвч электрон тамхины хүний биед үзүүлэх нөлөө нь тодорхойгүй юм. Зарим хүмүүс электрон тамхийг хориглосноор тамхинаас гарсан хүмүүсийн муу зуршлыг сэргээх сөрөг үр дагавартай гэж үздэг байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн жилүүдэд дэлхий даяар тамхи татдаг хүмүүсийн тоо нэг тэрбум хүртэл буурчээ. Харин электрон тамхи хэрэглэгчид 2011-2018 онд тав дахин буюу 41 сая хүртэл өссөн байна. Зах зээлийн судалгааны Евромонитор группын тооцооллоор 2021 он гэхэд электрон тамхи хэрэглэдэг насанд хүрэгчдийн тоо 55 саяд хүрэх гэнэ. 

Одоогоор Америкийн хоёр муж амт оруулагчтай электрон тамхины хэрэглээг хориглоод байгаа юм. Учир нь амт оруулагч хүүхдүүдийг электрон тамхи татахад нөлөөлж, улмаар никотинд донтуулдаг байна. 

Эх сурвалж: BBC, The verge