Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн Өмнөд Суданы Бентю хотод 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж буй энхийг сахиулагч наймдугаар ээлжийн цэргүүдтэй уулзлаа.

Энэ үеэр цэргүүдэд талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулсан бөгөөд цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах асуудлаар ярилцлаа.

Мөн Ерөнхий сайдад НҮБ-аас Өмнөд Суданы Бентю хотыг зохицуулж байгаа Хироко Хирахира бараалхаж, Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний хариуд У.Хүрэлсүх Монгол улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, манай улсын энхийг сахиулагчид НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа юм.