Чуулганы танхимын гадна суулт зарлаад байсан Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нартай УИХ-ын дарга М.Энхболд уулзлаа.

М.Энхболд бойкот зарласан гишүүдийг чуулганы хуралдаа сууж, хуулийн үндэслэлээр огцрох шаардлага тавихыг хүссэн юм.

Гэвч суулт зарласан гишүүд “26 гишүүн дэмжсэн байхад ээлжит бус чуулган зарлаагүй, 60 тэрбумын хэрэгт холбогдсон” зэрэг нь огцрох хуулийн үндэслэл гэлээ. Ийнхүү тэд өөрийнхөө саналаар огцрохгүй бол Даваа гарагаас тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “М.Энхболд даргаа 60 тэрбумын бичлэгт байсан дуу хоолой таных биш үү? Энэ бичлэг үнэхээр эвлүүлэг юмуу? Та ганцхан энэ асуултад миний нүд рүү харж байгаад төрийн сүлдний өмнө чин сэтгэлээсээ хариулчих” гэсэн юм.

Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд асуултад хариулалгүйгээр “шаардлагыг сонсъё” гэлээ. Ингээд суулт зарласан гишүүд мэдээллээ сонсолгүйгээр танхимын орхин гарлаа.

УИХ-ын дарга огцрох хуулийн үндэслэл:

  • Үндсэн хуулийн 24-р зүйлийн 2-т зааснаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж болно.
  • УИХ-ын тухай хуулиар нэгдүгээрт нас барсан,
  • Хоёрдугаарт өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт  гаргасныг УИХ хүлээн авсан,
  • Гуравдугаарт хүндээр өвдөж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан болон Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан,
  • Тавдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан гэсэн зүйл заалтаар огцруулна гэжээ.