Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хурлаар 2018-2019 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй эрчим хүчээр хангах үүднээс өвлийн их ачааллын горимыг хэлэлцэн баталлаа.

Өвлийн их ачааллын горимыг эрчим хүчний системүүд энэ сарын 16-наас 2019 оны тавдугаар сарын 15-ны хүртэл мөрдөн ажиллах юм.

Энэ хүрээнд харъяа 35 үйлдвэр, компанийн өвлийн бэлтгэл ажлын явц, гүйцэтгэл, системийн үйл ажиллагаатай танилцлаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэл зэрэг нийт 1.938 ажил хийхээс нийт гүйцэтгэл 80.3 хувьтай байна.

Эрчим хүчний нэгдсэн системд дулааны цахилгаан станцын 17 зуух, 15 турбингенератор ажиллаж өдрийн хамгийн их чадал 764 МВт, импортын хамгийн их чадал 105 МВт-тайгаар хэвийн ажиллаж байна. Мөн нөөцөд 19 зуух, найман турбингенератор бэлэн байгаа гэнэ.

Мөн өвлийн горимд шилжиж байгаатай холбогдуулан техник зохион байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу дуусгах, аюулгүйн нөөц материал болон дулааны цахилгаан станцууд нүүрсний нөөцөө бүрдүүлэх даалгавар өгчээ.

Манай улс эхний найман сарын байдлаар импортоор 199.3 сая.кВт цахилгаан эрчим хүч авахаас 185 сая.кВт.цаг, экспортоор 31.8 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөс 20.5 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгсөн байна.