Тус яамнаас энэ жилийг ухаалаг эрчим хүчний систем болгон зарлаж, энэ хүрээнд дэлхий нийтэд ашиглаж буй ухаалаг дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ нь эрчим хүчний найдвартай ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэх, утааны асуудлаас гадна эрчим хүчний системд гарах осол аваарыг урьдчилан мэдэх, шуурхай арга хэмжээ авах ач холбогдолтой гэнэ. Уг ажлыг эрчим хүчний салбарын бүх байгууллага дээр хэрэгжүүлэх бөгөөд одоогоор нэгдсэн хөрөнгө мөнгийг тооцоогүй байна.

Утааны эсрэг энэ онд хийгдэх ажлууд,

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс энэ хагас жилд 42 мянган айл өрхийг дөрвөн квт-ын халаагуур залгах боломж бүрдүүлэх болон сайжруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 600 мянган тонн болгон өргөтгөх ажлыг бүрэн хийхээр төлөвлөжээ.

Ингэснээр дараа өвөл гэхэд гэр хорооллыг шахмал түлшээр бүрэн хангах бөгөөд үүний дүнд утаа 50 хувь буурна гэж тооцоод буй.

Түүнчлэн энэ онд эрчим хүчний импортыг багасгах, Оюутолгойн тодорхой хэсгийг дотоодоосоо хангах үүднээс хэд хэдэн ажил хийгдэж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэт, Дарханы станцыг 40 мвт, ТЭЦ-4-г 90 мвт, ТЭЦ-3 станцыг 75 мвт, Амгалан дулааны станцыг өргөтгөн 50 мвт цахилгаан үйлдвэрлэдэг болгох ажлууд хийгдэнэ гэж салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ.

Эрчим хүчний томхон төслүүдийн үйл явц,

Эрчим хүчний салбарт хийгдэхээр төлөвлөж буй томхон төслүүдийн талаар салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Шинээр барихаар төлөвлөж буй тавдугаар дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулалт зогсож, хүндрэлтэй байдал оржээ.

Харин Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдэж удахгүй ажил нь эхлэхээр болсон бол Эгийн голын станц байгаль орчны асуудлаас болоод саатсан хэвээр байна. Энэ хоёр станц баригдчихвал манай улсын эрчим хүчний систем хараат байдлааса гарч бүрэн бие даасан болох юм.

Үүнээс гадна Хятадын Хөрөнгө оруулалтын банктай хамтран Дулааны II цахилгаан станцыг 300мвт болгох ТЭЗҮ-г хийж өргөтгөх, утааны эсрэг олон улсын байгууллагатай хамтран 10 мянган нарны дээвэр зэрэг томхон төслийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа гэнэ.

Цахилгааны тариф нэмэгдэнэ,

Өнгөрсөн онд манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал борлуулалтын зардлаас давж, 20 гаруй тэрбумын алдагдалтай ажилласан байна. Үүнд валютын ханш голлон нөлөөлж буй учир үнэ тарифаа эргэж харах шаардлагатай болсон гэдгийг албаныхан хэллээ.

Эрчим хүчний үндсэн тариф 2015 оноос хөдлөөгүй, хэмжих тариф л нэг удаа нэмэгджээ. Цаашид ч алдагдал ихсэх хандлагатай учир эхний ээлжид чадлын тарифын үнийг нэмэх асуудал яригдана гэлээ. тухайлбал, манай улс импортоор нэг квт чадлыг 32 мянган төгрөгөөр авч есөн мянган төгрөгөөр үйлдвэр ААН-д өгдөг байна. Гэхдээ чадлын тариф гэдэг нь байнга өгдөг тариф бус их ачаалал буюу 17:00-22:00 цагийн хоорондох тариф гэнэ.