Засгийн газрын хуралдаанаар Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах гэнэ. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт 166.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү хөрөнгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт зориулах юм байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хэд хэдэн эерэг нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзжээ. Тодруулбал,

  • Сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 35 хувиар нэмэгдэнэ,
  • Өсгөн үржүүлэх үхрийн тоо хоёр дахин, нэг малаас авах сүү, махны гарц 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээ 30 хувиар нэмэгдэнэ,
  • Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импорт 30, бусад сүүн бүтээгдэхүүний импорт 15 хувиар буурна,
  • Өндөгний импорт 90, зөгийн балны импорт 70 хувь буурна,
  • Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж 40, техник, технологийн шинэчлэл 30 хувиар нэмэгдэх гэнэ.

Дашрамд дурдахад, манай улс 2016 онд гадаадаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл авахад 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Харин 2017 онд энэ тоо 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.