Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг түлхүү ярихаас биш эрчүүд хүчирхийлэлд өртдөг эсэхийг төдийлөн анхаардаггүй. Гэвч 2017 онд 17,357 хүн нас барсны 60 гаруй хувь нь буюу 10,571 нь эрчүүд, нас баралтын зонхилох шалтгаан нь өвчин эмгэг, гэмтэл, гадны шалтгаан байна. Тиймээс эрчүүдийн хүчирхийлэл болон тэдэнд тулгамддаг асуудлын талаар Эрчүүд эрүүл гэр бүл ТББ-ын тэргүүн М.Цасчихэртэй ярилцлаа.

Хүчирхийлэлд зөвхөн охид эмэгтэйчүүд бус эрчүүд мөн адил өртдөг ч, энэ тухай хөндөж ярих нь ховор. Ер нь манай улсад эрчүүдийн хүчирхийлэл хэр их байдаг вэ?

Маш их. Томоор нь авч үзвэл тогтолцооны хүчирхийлэл тэр дундаа эрүүл мэнд, эдийн засаг, үе тэнгийн хүчирхийлэлд асар их өртөж байна. Тодруулбал, 30 эрэгтэй тутмын нэг нь л эрүүл мэндийн үзлэгт орсон байдаг. Яагаад гэхээр эр хүн өвдчихөөр доошоо орчих гээд байдаг. Өвдлөө гэхэд өвчин намдаах эм ууж анхаарахгүй явсаар хамгийн эцсийн шатандаа илрэх явдал түгээмэл бий. Энэ нь эр хүн сул дорой харагдаж болохгүй гэх хэвшмэл, буруу тодорхойлолтоос үүдэлтэй. Үүнийг л тогтолцооны хүчирхийлэл гэж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд жилд хэчнээн эрэгтэй өртдөг вэ? Нарийн тоо баримт бий юу?

Эрчүүдийн хүчирхийллийн тоо манай улсад бараг бүртгэгддэггүй. Нийгэмд эрэгтэй нь эрэгтэйгийнхээ эсрэг хүчирхийлэл маш их байна. Гэвч эрчүүд үүнийгээ хүчирхийлэл биш харилцан зодоон гэж ойлгодог. “Эр хүн байж ганц шанаадахад юун сүртэй юм” гэх зэргээр ханддаг. Бараг энэ намайг хүчирхийлээд зодсон гээд цагдаад очвол өөрөө доошоо орчих гээд байдаг. Тийм учраас нүд нь булдруу болсон ч мэдэгддэггүй.

Харин гэр бүлийн хүрээнд эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл маш их байна. Жишээ нь хадмууд нь “Чиний ажил хийнэ гэж юу байдаг юм, энэ нэг ажилгүй хар юм, арчаагүй эхнэрээрээ тэжээлгэсэн” гэх зэргээр хүчирхийлж байна. Жишээ нь гэрт нь зочин ирэхээр зориуд чангаар “Энэ нэг юм хүүхний ажил хийгээд хүүхэд зөөж авахаас өөр ажил байхгүй” гэж ярьдаг. Гэтэл манай нийгэмд эрэгтэй хүн 65 хүрээд тэтгэвэрт гардаг ч 45-с дээш насны хүмүүсийг ажилд авахаа больсон. Ажил олдлоо ч харуул, хамгаалагч эсвэл хамгийн хүнд хортой хар бор ажил оногддог. Энэ мэтээр тэтгэвэрт гарах хүртэлх 20 жилийн хугацаанд эр хүнийг заазалж байна.

Тэгвэл эрчүүд хүчирхийлэлд өртөх нь нийгэмд ямар сөрөг үр дагавартай вэ?

Эмгэг төрхтэй эрчүүдийг бий болгоно. Эмгэг төрхтэй эрчүүд эрх мэдэлтэй, мөнгөтэй болохоороо хүчирхийллийг эргээд бий болгодог. УИХ-д байгаа эрэгтэй гишүүд ч ялгаагүй буруу тодорхойлолтоор хүмүүжсэн эмгэг төрхтэй хүмүүс байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд УИХ-д их сонгогдохоор эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү хэлэлцсэн байдаг. Гэтэл эрчүүд ихэнхдээ сонгогддог ч тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүй байна.

Мөн хүчирхийлэлд өртсөн эрчүүд эцэстээ архин орох нь элбэг. Гэвч улсаас архины хамааралтай иргэддээ хөрөнгө бараг зарцуулахгүй байна. “Нийгмийн хог шаарууд үхээд үрэгдэнэ л биз” гэж хандан хүн гэж хардаггүй. Эдгээр бүх хандлага нь буруу тодорхойлолтоос үүдэлтэй. Монгол эр хүн гэдэг нь ХАТУУ ЧАНГА, УЙЛДАГГҮЙ, НАЙРАН ДЭЭР ГУРВАН ДУГАРААТАЙ, НААДАМД ГУРВАН ДАВААТАЙ” гэх зэргээр тогтсон сөрөг хэлбэрийн хандлагатай байдаг. Эсвэл ямар ч хамаагүй аргаар ажлаа бүтээж чадвал овсгоотой, мундаг болчихно.

Таны бодлоор тогтолцооны хүчирхийллийг яаж засах ёстой вэ? Дийлэнх эцэг эхчүүд хүүгээ багаас нь л эр хүн уйлж болохгүй гэж өсгөдөг шүү дээ.

“Эр хүн юм бол ажлыг зохицуулдаг байх ёстой, мөнгөтэй эрх мэдэлтэй, удирдагч байх ёстой, гэр бүлээ аваад явчихдаг байх ёстой” гэж хүмүүжүүлэх нь сөрөг үр дагаврыг бий болгоно. Ийм нөхцөлд өссөн хүүхэд эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, бусдыг ашигладаг нэгэн болно. Уг нь хүүхдээ бусдад саад болохгүй хүн болгож хүмүүжүүлэх ёстой ч манайхан бусдын дор оруулахгүй гэж өсгөдөг. Энэ бол буруу.

Харин сургуулийн орчинд хөвгүүдийн дунд үе тэнгийн хүчирхийлэл түгээмэл байна. Жинхэнэ хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хууль үйлчилдэг. “Ээ чи цохиод унагачихгүй яасан юм. Жул амьтан” гэх зэргээр үе тэнгийнхэн нь дээрэлхүүлсэн хүүхдийг шоолдог. Энэ мэтээр сууринаасаа эхлээд буруу болчихсон учраас бид хэчнээн архи, ядууралтай нь тэмцээд нэмэргүй.

Хамгийн гол нь эрчүүдийн тархинд хүн гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байна. Гэвч өнөөгийн нийгэм эрчүүдийг хүн биш хэрэгсэл гэж хараад байгаад л учир байна. Өөрийгөө хүн гэж хардаггүй эрчүүд машин, хөөрөг зэрэг эд материалаар үнэ цэнэтэй гэдгээ харагдуулах гэж оролддог. Тиймээс хүүхдээ багаас нь хүн гэдгийг нь ойлгуулж, “миний хүү уйлж болно, ямар асуудал тулгарч байна. Миний хүү хүүхэд л юм чинь асуудал байгаа тэ? аав ээж нь чамд туслахад бэлэн шүү” гэх зэргээр ярилцах хэрэгтэй. Мөн багш нарыг сайн бэлдэх нь чухал.

Эмэгтэйчүүд асуудлаа найз нөхөд, ойр дотныхонтойгоо ярилцаж, стрессээ тайлах нь бий. Харин эрчүүдэд энэ нь сул байдаг юм шиг санагддаг?

Тийм. Найз нөхөдтэйгөө бол дандаа архины ард ярилцана. Заавал хяналтаа алдаж байж өөрт тулгамдсан асуудлаа ярилцдаг. Ингээд архи уугаад ярилцахаараа “стресс тайлагдлаа, сэтгэл санаа сайхан боллоо” гэж ярьдаг. Гэвч энэ нь шинжлэх ухааны хэлээр донтолтын эхний хэлбэр байдаг. Гэтэл эрүүлдээ ярих нь хамгийн чухал.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр амиа хорлогчдын 84 хувь нь эрчүүд байдаг гэсэн. Үүний гол шалтгаан нь юу вэ?  

Эрчүүд дандаа аливаа асуудлыг гарцгүй гэж хардаг. Эмэгтэйчүүд ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аав ээж, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд гээд эргэн тойрны бүх зүйлээ боддог. Харин эрчүүд яг тэр бухимдсан асуудалдаа төвлөрсөөр буруу шийдвэр гаргадаг. Эрчүүд шийдвэр гаргахаасаа өмнө “мөнгө олдохгүй байна, намайг ажилд авах газар байхгүй” гэх сөрөг зүйлийг бодсоор эцэст нь “За би тэгвэл арилаад өгье. Намайг алга болчихоор та нарыг яахыг чинь харъя” гэх буруу шийдвэр гаргах нь элбэг.

Та ч гэсэн нийгмийн амьдралд оролцож байгаа эрчүүдийн төлөөлөл шүү дээ. Ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байв уу?

Байсан. Нэгдүгээр ангидаа өөр сургуульд шилжиж орлоо. Гэвч шинээр орж ирсэн хүүхдүүдээ хашрааж, эхнээс нь дарж авна гэлээ. Тэгэнгүүт шинээр ирсэн хүүхдүүд нь бүлэг болоод үзэлцэж эхэлсэн. Эхлээд ганц хоёр зодуулсан ч сүүлдээ найрамдаад 1, 2, 3-р атаманаа сонгоод бусад ангиудаа дээрэлхэж эхэлсэн. /инээв/ Гэвч энэ нь хүчирхийлэл байсан гэдгийг би оюутан болоод ч ойлгоогүй. Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэхгүй байсаар насан эцэслэх ч тохиолдол бий. Зарим хүмүүс 30, 40 нас хүрсэн ч “10 жилд гоё байсан тээ. Яагаав нөгөө хэнийг цохиж унагаал” гэх мэтээр нөгөөдөхөө л ярьсаар байдаг. Ийм хүмүүсийг мэргэжлийн хэлээр “насанд хүрсэн балчир хүүхэд” гэж тодорхойлдог юм.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.