“Эр хүн байж уйлж болохгүй, эр хүн байж шалчганасан” гэх үгсийг эцэг эхчүүд хүүхдэдээ түгээмэл хэлдэг. Үүнээс үүдээд Монгол эр хүнийг “Хүчтэй, зоригтой, уйлдаггүй, ямар ч аргаар хамаагүй эхнэр хүүхдээ тэжээх ёстой” гэх хатуу заалтаар тодорхойлдог.

Гэвч энэ нь эмгэг төрхтэй эрчүүдийг бий болгон хүчирхийлэлд өртөж байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүчирхийлэгч эрчүүдийг бий болгодог гэж Эрчүүд эрүүл гэр бүл ТББ-ын тэргүүн М.Цасчихэр хэллээ.

Ийнхүү эрчүүд “доожоогүй, гоожуур гэж дуудуулахгүй жинхэнэ Монгол эр хүн шиг” харагдахын тулд хүчирхийлэлд өртсөн ч нуудаг байна. Тэдний зарим нь мэргэжлийн байгууллагад ханддаг ч бүртгэл хөтлөхгүй, гэр бүл ойр дотныхонд нь мэдэгдэхгүй байхыг хичээнгүйлэн хүсдэг аж. Нэг үгээр хэлбэл гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэдэг шиг хүчирхийлэлд өртөж буй эрчүүдийг тодорхойлох тоо баримт байхгүй гэсэн үг.

Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 418 хүн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний ердөө л зургаа нь эрчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд нуун дарагдуулахын аргагүй хүчирхийлэлд өртсөн бөгөөд зургуулаа түр хамгаалах байранд хамрагджээ.  

Гэвч бие махбодоос илүү сэтгэл санааны хүчирхийлэл эрчүүдэд амьдралынхаа утга учрыг алдах хэмжээний хүндээр тусдаг гэдгийг мэргэжилтнүүд болон эрчүүдийн төлөөлөл хэллээ.

Ялангуяа эхнэр/найз охин нь ажил дээр нь ирж уурлах зэргээр хамт олных нь дунд нэр хүндэд нь халдах нь тэдэнд “Үхмээр мэдрэмж төрүүлдэг” гэж ЦЕГ гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан ярилаа.

Ийнхүү бид хүчирхийлэлд өртсөн эрчүүдийн нэг 32 настай “А”-тай уулзсан юм. Тэрээр сард дунджаар гурван удаа найзуудтайгаа уулздаг бөгөөд эхнэр нь байнга хэрүүл маргаантайгаар уулзуулдаг байжээ. “А” нэг удаа эхнэрийгээ зөвшөөрөөгүй байхад найзуудтайгаа уулзсан байна. Тэрээр нэгэн пабд найзуудтайгаа уулзаад гурван цаг орчмын хугацаа өнгөрч байхад найзуудынх нь утсанд эхнэрээс нь “Та нар дандаа нэгнийгээ уруу татаж архи гудардаг. Та нараас болж би одоо найзаас чинь салах гэж байна” гэх мессеж ирсэн байна.

Эхнэрээс мессеж ирсэн даруйд уур амьсгал өөрчлөгдөн тэд удалгүй гэр гэр рүүгээ явцгаасан ба үүнээс хойш найзууд нь А-с хөндийрч, уулзалдахдаа түүнийг дуудахаа больжээ.

“Найзуудтайгаа утсаар ярих төдий л холбоотой байдаг болсон. ‘Эхнэр чинь уурлаад байдаг юм чинь хэдүүлээ уулзалдаад яахав дээ’ гэж хэлэх үед найзуудаасаа маш их ичиж дахиж уулзах нүүргүй болсон. Эрчүүд л юм чинь уулзахаараа ганц нэг пиво уудаг байсан. Гэхдээ би хэзээ ч ухаанаа алдтал согтоод гэртээ агсам согтуу тавьж байгаагүй. Эхнэрийгээ тийм үйлдэл гаргасанд маш их урам хугарч гомдсон” гэж “А” бидэнд ярьсан юм.

Энэ мэтээр эрчүүд ихэвчлэн сэтгэл санааны, гэр бүлийн, үе тэнгийн, эдийн засгийн  хүчирхийлэлд өртдөг байна. Гэвч эдгээрээс сэтгэл санааны хүчирхийлэл нь зодуулснаас ч илүү хүндээр тусаж, эцэст нь эрчүүд архинд орох, амиа хорлох зэрэг сөрөг шийдвэрт хүрдэг байна.

Тэд хөхөртлөө зодуулсан ч эмнэлэгт хүргэгдэхээр ноцтой бэртэл биш л бол цагдаад ханддаггүй бөгөөд энэ нь ердөө л “хүчтэй, зоригтой, уйлдаггүй” Монгол эр хүний тодорхойлолтод багтах гэсэн үйлдэл аж.

Ийнхүү эр хүнийг буруу тодорхойлсон хэвшмэл ойлголтоос үүдэн Монголчууд нийгмээрээ хүүхдээ буруу өсгөж, “хүн гэдгээ мэдэхээ байсан” эрчүүдийг бий болгож байна. Ингээд нийгмийн сөрөг хандлагаас болж хүн гэдгээ мэдэхээ байсан эмгэг төрхтэй эрчүүд “том машин, хөөрөг зэрэг эд материалаар өөрийгөө үнэ цэнэтэй харагдуулах гэж оролддог” хэмээн М.Цасчихэр хэлсэн юм.

Энэ мэтээр эмгэг төрхтэй, А шиг найз нөхөдгүй болсон эрчүүдийг нийгэмд олшруулахгүйн төлөө эрэгтэй эмэгтэй гэх тодорхойлолт нь биологийн ялгааг илэрхийлдэг болохоос эрх мэдэл, үүрэг хариуцлагыг ялгадаггүй гэдгийг нийгэмд хэвшүүлэх цаг нь болжээ бодлого гаргагчдаа!