Шинэчилсэн 15:35- Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Д.Эрдэнэбилэг нараас байцаалт авч дууслаа. Тэднийг эрүүгийн цагдаагийн албанаас авч гарсан ба хаашаа авч явсан нь тодорхойгүй байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа явуулж Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчиллаа. Харин Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авч байна.

Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ, “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн мэдээлэлтэй холбоотойгоор байцаалт авч байна. Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ” гэсэн юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч улсын үйлдвэрийг луйвардаж авсан гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, 49 хувийг худалдан авах процессыг удирдсан “нууц ноёнтон” Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа.

Сануулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой материалыг нууцаас гаргасантай холбоотойгоор худалдаж авах хөрөнгийг хэрхэн босгосон талаарх дэлгэрэнгүй схемийг танилцуулсан юм. Схемээс үзэхэд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн 72.4 хувь нь улсаас буюу Монголбанк, Аж үйлдвэрийн яам, Хөгжлийн банкнаас гарсан байна.