Засгийн газраас импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм. Энэ хүрээнд шинээр усан болон сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төслүүд хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

Одоогоор тус усан цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулж байгаа ба Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих нийт хөрөнгө оруулалтыг 288 сая доллар, хүчин чадлыг 100 МВт, жилд 300 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Уг усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгийн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болох юм. Ингэснээр импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч хямд найдвартай эх үүсвэртэй болно гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Мөн үүнийг даган төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаас тэглэгдэж, 1000 орчим хүн тогтмол ажлын байраар хангагдаж, бизнес, үйлдвэр үйлчилгээ эрхлэлт дээшлэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон эерэг үр дүнг харуулах юм.

Дашрамд дурдахад, манай улсад эрчим хүч үйлдвэрлэж буй хамгийн том усан цахилгаан станц нь 12 МВт-ын Дөргөний усан цахилгаан станц, 11МВт-ын Тайширын станц байна.