Эрдэнэс Тавантолгой ХК 2010 оноос хойш 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Үүний 1.99 их наяд төгрөгийн орлогыг 2018 онд олсноор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлсөн гэж мэдэгдлээ.

Тэд зөвхөн 2018 онд 510 тэрбум төгрөгийг улсын төсөв төвлөрүүлж, 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөгөө 2.1 дахин давуулан биелүүлсэн байна.

Эрдэнэс Тавантолгой нь 2016 оны нэгдүгээр улиралд Чалко компанид нэг тонн нүүрсийг 24.97 доллар, 2017 оны нэгдүгээр улиралд 59.33 доллар, 2018 оны хоёрдугаар улиралд 61.0 доллараар нийлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улирлаас 63.32 доллар болгож нэмэгдүүлсэн гэнэ.

Тиймээс “2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар хөдөлмөрийн аюулгүй байдлын нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгодог болсон” гэж Б.Ганхуяг ярилаа.

Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-г бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийсэн байна.  

Сануулбал, тус байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, ЕБС-ын 640, цэцэрлэгийн 200 хүүхэд суралцах боломжтой сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьсан юм.