Эрдэнэс Тавантолгой компаниас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах талаар мэдээлэл хийлээ.

Тавантолгойн ордыг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажил эхлээд 72 өдөр болж байна. Энэ хүрээнд дөрвөн том ажил найман үе шаттайгаар хийгдэх юм.

Үүний хүрээнд компанийхаа дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөл байгуулах юм. Уг зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.

Мөн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулах юм. Ингэхийн тулд Ажилд урьж байна буланг цахим хуудастаа тогтмол ажиллуулахаар болжээ.

Энэ нь ямар ч хувийн өмч, төрийн байгууллагад байгаагүй жишиг гэдгийг Эрдэнэс Тавантолгой компаний захирал Б.Ганхуяг онцоллоо.

Сонирхуулбал, тус компани хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Эрдэнэс Тавантолгой 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Энэ онд улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.