Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, гарсан зөрчлүүдийг хууль шүүхийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.

Энэ талаар Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд Монголбанк, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Төрийн өмчит бодлого зохицуулалтыг газар хоёр сарын хугацаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илрүүлсэн байна. Мөн гүйцэтгэх захирлын эрх мэдэл нь хэрэгждэггүй, ихээхэн хэмжээний санхүүгийн зөрчил, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан нь илэрчээ. Эдгээрийн заримыг дурдвал,

  • Эрдэнэт үйлдвэр 2016 онд компанийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарсан нь Компанийн тухай хуулийг зөрчиж, 51 хувь эзэмшигчдийн эрх ашиг хохироосон,
  • Компани аливаа гүйлгээг хийхдээ гарын үсэг зурдаг байдлыг олон хүнд хариуцуулж, санхүүгийн сахилга бат, хяналтыг алдагдуулсан,
  • Цөөн тооны ААН-тэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хийж урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Тухайлбал, Дарханы хар төмөрлөг болон Хөтөлийн цемент шохой үйлдвэртэй гэрээ хийхдээ урьдчилгаа дүнгээр 103.6 тэрбум төгрөг олгосон байна. Мөн өнгөрсөн сарын байдлаар уг үйлдвэрүүдээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байжээ.
  • 2016 онд 1.2 тонн зэсийн баяжмалыг Монголын зэс корпорациар худалдах гэрээ хийж, ногдол ашгийн зөрчил гаргажээ.
  • Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч тус компанид ногдол ашиг гэж 55.8 сая долларын гүйлгээг хийж, ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй,
  • Эрдэнэт үйлдвэр өөрийн 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр эмнэлэг байгуулсан ч уг эмнэлгийг хувийн ААН рүү шилжүүлсэн,
  • Зэсийн баяжмалыг хайлуулж цэвэрлүүлэх ажлын зардлыг хэт өндрөөр тусгасан,
  • Нийт зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчлийн акт тавигдсан, гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбумын зөрчил гаргасан,
  • Эрдэс зэсийн баяжмалын сорьцыг Гаалийн төв лаборатороор бус хувийн компаниар тогтоолгож татвар төлдөг байсан,
  • Хөдөлмөр эрхлэлт, НДШ-тэй холбоотой дөрөв, аудитын нэг зөрчил илэрсэн,
  • 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 2016-2019 онд олгосон тул эргэж төлөх чиглэл өгсөн,
  • Эрдэнэт үйлдвэр  2016-2019 онд 2336 гэрээ байгуулснаас 1494 гэрээг шууд буюу сонгон шалгаруулалтгүй хийсэн, захирал нь хуулиас давсан худалдан авах журам гарган хэрэгжүүлж байсныг хүчингүй болгосон,
  • Стандарт банктай холбоотой 40 саяыг буруутай этгээдүүдээр төлүүлэхийг шалгалтаар тусгасан зэрэг зөрчил, дутагдлыг илрүүлж засах чиглэл өгчээ.

Түүнчлэн тус үйлдвэрт үйл ажиллагааны шалгалтыг дараа жил дахин хийхээр болж, томоохон зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх чиглэлийг Засгийн газраас гаргажээ. Мөн энэ шалгалттай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг солих асуудал яригдахгүй гэдгийг албаныхан хэллээ.

Мөн томоохон зөрчлүүдэд 49 хувийн талынхан гол хариуцлагыг үүрэх ёстой гэж сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм. Учир нь 2016 онд бүтцийн өөрчлөлтөөр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшиж ерөнхий захирлыг Засгийн газраас томилдог болсон ч шийдвэр гаргах бүхий л эрх мэдэл 49 хувийн эзэмшигч Монголын зэс корпорацид шилжсэн нь шалгалтаар тодорхой болжээ.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус үйлдвэрийг 100 хувь улсын статустай ТӨҮГ болгосон юм.