Шинэчилсэн 18:21- Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн удирдлага, ажилтан албан хаагчид танилцууллаа.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийж зарим нэг албан тушаалтнуудыг чөлөөллөө.

Тодруулбал, үйлдвэрийн тэргүүн дэд захирал, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, хуулийн хэлтсийн дарга болон орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, газрын дарга, хангамжийн хэлтсийн дарга, захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нарыг чөлөөллөө.

Мөн тус үйлдвэрийн есөн өрөөг хуулийн байгууллагын хяналт дор битүүмжилсэн бөгөөд эдгээр өрөөнөөс ямар нэгэн бичиг баримт авч гарахыг хориглолоо.


Засгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт мөнгө угаалт явсан эсэхийг нарийн тодруулах зорилготой гэнэ.

Уг шийдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон уурхайн үйл ажиллагаанд ямар нэг нөлөөгүй ба харин санхүүтэй холбоотой материалыг шалгах, шаардлагатай тохиолдолд бусад материалыг хянаж үзэн шалгалт хийх юм.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах эрхээсээ татгалзсан ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй албан тушаалтнууд, худалдан авах луйварт оролцсон байж болзошгүй Захиргааны хэргийн шүүхийн шүүгч М.Батсуурь нарыг АТГ-т гомдол гарган шалгуулахаар болжээ

“Эрдэнэт үйлдвэртэй холбоотой өчигдрийн үйл явдлын дараа төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим нэг хүмүүс хууль хяналтын байгууллага руу утастаж дарамтлах, уулзахаа илэрхийлсэн мэдээллүүд ТЕГ-аас ирсэн” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Хэрэв ийм үйлдэл дахин гаргавал нэр устай нь олон нийтэд зарлана гэдгээ тэрээр мэдэгдсэн юм.

Сануулбал, Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, тгүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг урьдчилан хорих 461-р ангид түр саатуулаад байна.