Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрдэнэт шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр Эрдэнэт үйлдвэр цаашид 100 хувь улсын статусаар ажиллахаар болсон гэж мэдэгдлээ. Ингэснээр үйлдвэрийн захирал болон ТУЗ-ийг өөрчлөх эсэхийг ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэх гэнэ.

Засгийн газраас Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргааныг нарийвчлан шалгаж байгаа ба УИХ-ын тогтоол, Цэцийн дүгнэлт гарсан учир 49 хувь улсын мэдэлд байгаа гэж Ц.Нямдорж мэдэгдлээ.

Харин шүүх дээр Засгийн газар ялагдсан нь Худалдаа хөгжлийн банкнаас томилогдсон шүүгч нар будлиулсан хэрэг гэлээ.

Сануулбал, энэ сарын зургаанд Засгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийж, есөн өрөөг битүүмжилжээ.

Тухайлбал, үйлдвэрийн тэргүүн дэд захирал, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, хуулийн хэлтсийн дарга болон орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, газрын дарга, хангамжийн хэлтсийн дарга, захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нарыг чөлөөлсөн юм.