Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа. Тэрээр Эрдэнэт хотод хэрэгжиж буй Орон сууцны 1А хорооллын төслийн явц, Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн ажилтай танилцсан байна. 

Тус парк сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах чиглэлээр 2017 онд байгуулагдсан  ба одоогоор гагнуурын электрод, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 33 үйлдвэрлэл, үйлчилгээ ажиллуулж байна. Үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Ерөнхий сайд дараа нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Эрдэнэт үйлдвэр нь эхний найман сарын байдлаар төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувиар биелүүлжээ. 

Мөн улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг оруулсан ба оны эцэст 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх гэнэ. 

Эрдэнэт үйлдвэр нь гуравдугаар сараас хойш Засгийн газрын тогтоолын дагуу төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм.