Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээл авахад баталгаа гаргаж өгсөн гэгддэг Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзоригийг өчигдөр цагдан хорилоо.

Түүнийг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байх үед улсын мэдлийн 51 хувийг Жастын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банканд барьцаалан 100 гаруй сая долларын зээл авсан юм. Уг зээлд Ч.Ганзориг баталгаа гаргаж өгсөн нь үнэн гэдгийг Арбитрын шүүх баталсан байдаг.

Хэдий манай улсын шүүхийн байгууллага тухайн үед Ч.Ганзоригийн гарын үсгийг дуурайлган зурсан гэж түүнийг өмөөрч байсан ч, АТГ ийнхүү Ч.Ганзоригийг уг хэрэгтэй холбогдуулан саатуулаад байна.

Зээлийн үлдэгдэл болох 98 сая доллар, үүний хүү сарын 800-900 мянган долларыг Монгол улс төлөх ёстой гэх шийдвэрийг олон улсын Арбитрын шүүх гаргасан. Уг зээлийг төлөхгүй бол оронд нь Эрдэнэт хотын Амарын талбай, Эрдэнэт үйлдвэрийн оффисын барилга, Уурхайчин соёлын ордон зэрэг үл хөдлөх хөрөнгө эсвэл Англид байгаа эрсдэлийн санд хуримтлуулсан хөрөнгөөс шууд суутган авч болно гэж Арбитрын шүүх шийдвэрлэжээ.

Дампуурлаа зарласан бизнесменээс болж улс өөрийн хөрөнгөө алдахад хүрсэн учир уг зээлд оролцсон этгээдүүдийг АТГ зоригтойгоор шалгаж эхлэв бололтой. Зээлээр авсан их хэмжээний доллароо хувийн бизнестээ зарцуулсан Ш.Батхүүг АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан юм. Тэрээр одоо 461-р хорих ангид хоригдож байна.

Уг хэрэгт Ч.Ганзоригоос гадна Стандарт банк руу явуулсан албан бичиг нь ил болсон Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар нэр холбогддог юм. Тэд дараагийнх нь байх магадлалтай.