УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монголын зэс корпорацаас Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэх гэж байсан нь баримтаар нотлогдсон гэлээ.

Тухайлбал, Монголын зэс корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Эрдэнэт Корпорац хувьцаагаар хязгаарлагдах хувийн компани (Erdenet Corp PRE LTD)-д шилжүүлэх 88 хуудас бүхий өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан байна.

Ингэхдээ тус хоёр ААН-ийн хооронд гэрээ байгуулж нийт хувьцааг 112.1 тэрбумаар үнэлэн худалдах, урьдчилгаа болгон 110 америк доллар төлөх зэрэг гэрээний баримтуудаа хавсаргасан байна.

Үүнээс гадна нэгдүгээр сарын 16-нд Эрдэнэтийн 49 хувийг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80.326 сингапур доллар, 17-нд 50 мянган америк доллар иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурт бүртгэлтэй Эрдэнэт Корпорац хувьцаагаар хязгаарлагдах хувийн компаниас шилжүүлсэн банкны тодорхойлолт, хуулгыг өргөдөлдөө хавсаргажээ.

“Эрдэнэтийн 49 хувь одоогоор улсын бүртгэлд 100 хувь төрийн өмчит хэлбэрээр бүртгэгдсэн хэвээр байгаа бөгөөд цаашид Монголын зэс корпорац худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хянан үзэж, Эрдэнэтийг төрд авах ажил явагдаж байгаа” гэж  Т.Аюурсайхан мэдэгдлээ.

Харин дээрх явдлыг УИХ-ын гишүүд олон нийтэд ил болгосноор Эрдэнэтийн 49 хувийг гадны хөрөнгө оруулалттай компанид зарах үйл ажиллагааг зогсоож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас үүнийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн бүртгэхээс татгалзсан байна.