Тэдний хэлснээр Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан 400.270.000 долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байх магадлалтай гэнэ.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон ба Монгол банкнаас өрийн бичиг үйлдэж 200 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 122.6 сая доллар зээл, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая долларын барьцаагүй зээл, Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая долларын зээл, Монголбанкнаас зузаатгал хийнх нэрээр 160 тэрбум төгрөгийг авсан байна.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Сангийн яам, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанканд мөнгө байсаар байтал худалдан авах эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон. Энэхүү санхүүгийн схемийг үнэн гэдгийг нотлох хугацаатай шаардлагыг хуулийн байгууллагад хүргүүлнэ” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49 хувийг хууль зөрчин авсан гэж үзэн Засгийн газраас Монголын зэс корпорацитай шүүхээр маргалдсан ч Захиргааны хэргийн шүүхэд гурван удаа ялагдсан юм.

Гэвч Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах хөрөнгийг босгоход 70 сая долларыг нийлүүлсэн Юнайтед Энержи ХХК нь захиргааны хэргийн шүүхийн шүүгч М.Батсуурийн аавын компани байна. Гэтэл Монгол улсын Засгийн газар гурван удаа Монголын зэсд ялагдсан шүүх хуралд шүүгч М.Батсуурь оролцсон байгаа юм.

Мөн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан Монголын зэс корпораци Худалдаа хөгжлийн банк буюу “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай гэдэг нь 32-р тогтоол дээр дурдагджээ.

Тиймээс улсын үйлдвэрийг хууль бусаар авсан гэх асуудлыг шалгах ажлын хэсгийг сайд Л.Оюун-эрдэнэ байгуулсан ба Монголын төр нэг компанид давуу эрх олгосон эсэхийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна гэдгээ мэдэгдлээ.

Сануулбал, байгуулагдсанаасаа хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас 900,2 тэрбум төгрөгөөр 2016 онд худалдан авсан юм. Ингэхдээ Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн, луйвраар улсын үйлдвэрийг хувийнх болгосон гэж үзээд УИХ, Засгийн газар өөрийн мэдэлд авсан юм. Үүнийг Үндсэн хуулийн цэц дэмжин, Монголын зэсийг хууль зөрчсөнийг баталсан байдаг.

Гэвч Монголын зэс Дээд шүүхэд хандаж ялалт байгуулснаар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар гацаанд ороод байна. Гэтэл асуудал шийдэгдээгүй байхад Монголын зэсийн захирал Ц.Пүрэвтүвшин 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх хэрэг гарсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 88 хуудас материал үүнийг нотолж байгаа гэнэ.