ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголын зэс корпораци ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай гэх тэмдэглэлийг нууцаас гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Ингэснээр Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг хэрхэн худалдаж авсан Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой зэрэг чухал мэдээллүүд нууцаас гарч байгаа гэнэ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байж болзошгүй санхүүгийн баримт ил болсон байна.  

Эрдэнэтийн 49 хувийг улсын мэдэлд авах шийдвэр гаргах үед Монголын Зэс корпораци шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч Худалдаа хөгжлийн банк болон Монголын Зэс корпораци нь хоорондоо хамаарал бүхий этгээд биш гэх үндэслэлээр Засгийн газар ялагдсан байдаг.  

Тэгвэл нууцаас гарсан материалд Худалдаа хөгжлийн банк болон Монгол Зэс корпораци хоорондоо санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон өөрийн амаар хэлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Нууцаас гарсан материалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна.

Сануулбал, Байгуулагдсанаасаа хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас 900,2 тэрбум төгрөгөөр 2016 онд худалдан авсан юм. Ингэхдээ Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн, луйвраар улсын үйлдвэрийг хувийнх болгосон гэж үзээд УИХ, Засгийн газар өөрийн мэдэлд авсан юм. Үүнийг Үндсэн хуулийн цэц дэмжин, Монголын зэсийг хууль зөрчсөнийг баталсан байдаг.

Гэвч Монголын зэс Дээд шүүхэд хандаж ялалт байгуулснаар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар гацаанд ороод байна. Гэтэл асуудал шийдэгдээгүй байхад Монголын зэсийн захирал Ц.Пүрэвтүвшин 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх хэрэг гарсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 88 хуудас материал үүнийг нотолж байгаа гэнэ.