Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарсан баримтыг бид өнгөрсөн долоо хоногт ил болгосон юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүд ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.

Мөн тэд Баялагтаа эзэн Монгол бүлгийг байгуулснаа мэдэгдэн, уг бүлэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, С.Жавхлан нар элсэх магадлалтай байгаа гэлээ. Тэдний зүгээс Эрдэнэтийн 49 хувийг зарсан гэх асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэн МАНАН бүлгийн бүх хууль бус ажиллагааг дэлгэнэ гэсэн юм.

“Эрдэнэтийн 49 хувийг зарахын тулд үйлдвэрийн ТУЗ хуралдаж, парламентаар хэлэлцэх ёстой ч Монголын зэс корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин шууд 1995 онд төрсөн Б.Номиндарь гэх иргэнд зарах шийдвэр гаргасан байна. Үүнийг л Монголын төр, парламент, хууль шүүхийн байгууллагаас дээр байгаа эрх мэдэл гээд байгаа юм” хэмээн Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

Үүнээс гадна Чингисийн талбайн авто зогсоолын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгийг хувийн компанид зарсан гэж мэдэгдсэн юм. Тэдний хэлснээр тус цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгт барилга барих бөгөөд зураг төсөл нь гарсан гэнэ.

“Үүнийг дахиад л 49 хувийнхан авсан байгаа юм. Төв талбайгаа нэг компанид алдчихсан улс дэлхийн хаана ч байхгүй. Энэ асуудлыг удахгүй баримттайгаар дэлгэнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.  

Сануулбал, Монголын Зэс Корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапур улс руу шилжүүлэх гэрээг 2019 оны 1 сарын 14-нд хийсэн байгаа юм. Монголын Зэсийн зүгээс “уг асуудал нь ор үндэсгүй гүтгэлэг” гэж мэдэгдсэн бол Засгийн газар болоод Эрдэнэт үйлдвэрийн талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Хэрэв Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид шилжвэл Монгол улсын засгийн газар, УИХ, хууль хяналтын байгууллагаас ангид болох юм.