Шадар сайд Ө.Энхтүвшин Эрээний чөлөөт бүсэд хийгдэж буй 900 га талбай бүхий бүтээн байгуулалт, иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус бүсэд 2019 он гэхэд 126 орчим сая долларын ажил хийгдэх юм.

Чөлөөт бүсийн төв хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлэн, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын цогц ажлыг гүйцэтгэжээ. Одоо долоон үйлдвэрийн барилгыг угсрах ажил үлдсэн байна.

Мөн Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсэд манай улсын бизнес эрхлэгчид хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаж эхэлжээ. Үүнээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх барааг татваргүйгээр худалдан авдаг байна.

Сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад албан ёсны айлчлал хийх үеэрээ Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг түргэтгэх санамж бичиг байгуулсан юм. Үүний дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил эрчимжиж байгаа нь энэ юм.