Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагийн 95.9 хувь нь хувийн эзэмшлийнх байна.

Мэргэжлийн байгууллагаас нийтийн байранд амьдарч буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг илрүүлэх шалгалт хийхэд эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилжээ.

Мөн төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, галын самбаргүй 10, галын хоргүй 15, цахилгааны утас гэмтэлтэй 13, албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй, татвар төлдөг эсэх нь тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгарсан гэж үзжээ. Ийнхүү ажлын хэсэг байгуулж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулан хэлэлцүүллээ. Журмын төслийг зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар болсон байна.