Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ээжүүдийн холбоо, Хөөрхөн зүрх болон Гүнж төв, Нүдээ нээ ТББ, Монголын залуучуудын холбоо зэрэг байгууллагууд эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Жагсагчид “Төр засаг нь эмэгтэйчүүд, ээжүүдийгээ нүцгэн жагсахад хүргэсэнд гомдож байна” гэлээ.

Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж хаалттай хаалганы цаана чимээгүй амьдарч байгааг эсэргүүцэж байлаа. Өнөөдөр Монголын ард түмэн яагаад ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэлтэй нийгэмд амьдарч байгааг төрийн өндөрлөгүүдээс нэхэн асууж байсан юм.

“Бид ийм ядуу байх ёсгүй, Хэрэв шударга шүүхтэй бол бид хүчирхийлэлд өртөхгүй, Хэрэв үгсэн хуйвалдаж луйвардаагүй бол бид өргүй, Бидэнд баярлах шалтгаан алга” зэрэг лоозонг эхчүүд барьжээ.

Энэ нийгэмд эмэгтэйчүүд хүүхдүүд тайван амьдрах нөхцөл алга байна. Тиймээс Монголчууд сайхан амьдралтай болтол тэмцэж, амиа золиослоход ч бэлэн гэж эрс шийдэмгий хэлж байлаа. Энэхүү жагсаалд эмэгтэйчүүд, ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож Үндсэн хуулиа мөрдөж хэрэгжүүлэхийг шаардсан юм.

Тэд талбайг тойрч алхахдаа, “Харанхуй нийгмийг хамтдаа гэрэлтүүлцгээе” гэсэн уриаг дуу нэгтэйгээр хэлж байлаа.

Үүнээс гадна Чингисийн талбай дээр Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог, Тэрбумаараа тэмцье гэсэн жагсаалууд болж байна. Эдгээр жагсаалд ганцхан эмэгтэйчүүд бус хүүхдүүд Хууль сахиулахын их сургууль болон Анагаахын оюутнууд оролцож эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Жагсаалд оролцогчид өөр өөрсдийн дүрэмт хувцас, улаан малгай, үндэсний хувцсыг өмсжээ.

Тэд хүчирхийллийг зогсоох гэж нэгдэн жагсаж, “Бид уйлж байна, Бид цөхөрч байна, Бид шаналж байна гэж  дуу нэгтэйгээр хашгирч байсан юм.

Цэрэг, цагдаа, эмч, улаан малгай өмссөн залуус “Нүдээ нээ, Охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш, жинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрдэггүй, хүүхэд уйлж, ЭМЭГТЭЙЧҮҮД ЦӨХӨРСӨӨР БАЙХ УУ? гэсэн лоозонгуудыг барьж алхаж байна.

Хууль сахиулахын их сургуулиас 100 гаруй оюутан оролцож байгаа ба “Хүүхэд насанд шарх бүү үлдээ гэсэн лоозонг барьжээ.

Жагсагчид оролцогчдын цуваа талбайг дүүргэж байсан юм. Хүчирхийллийн эсрэг нэгдсэн салбар бүрийн төлөөллүүд “хүчирхийллийн эсрэг гинжийг тасал” гэх бүжгийг бүжиглэлээ.

 Жагсаалын зургийг энд дарж үзнэ үү.