Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох санал дэвшүүлж Зөвшилцөх тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Прокурорын тухай хуулийн 45-р зүйлд “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байна.

А.Цэрэнсодном нь улсад 25 жил, үүнээс прокурорын байгууллагад 11 жил ажилласан бөгөөд өдгөө 46 настай юм. Мөн 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд Их засаг их сургууль, 2012-2013 онд Их Британийн Оксфорд Трэнт их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой байна.

Сануулахад, ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын дарга болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудал тусгагдсан бөгөөд өнгөрсөн Баасан гарагт чуулганаар ЗХЖШ-ын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон юм.

А.Цэрэнсодномын намтар:

  • 1993-1997 онд СХД-ийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
  • 1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
  • 2003 оны 1-8 сар хүртэл УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
  • 2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
  • 2006-2011 онд АМГТГ-ын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд “Легал эдвайзер консалтинг” Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
  • 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд УЕПГ-ын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
  • 2017-2019 оны 1-р сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн дарга,
  • 2019 оны 1-р сараас СБД-ийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.