Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийж, түүнийг дүү Д.Баатарын хамт цагдан хорьсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Д.Дорлигжав болон Алтан Дорнод Монгол компаний ТУЗ-ын дарга Т.Ганболд нарт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байсан юм. Тодруулбал, Д.Дорлигжав нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ Т.Ганболдоос дөрвөн сая долларын авлига авсан гэх хэрэг шалгагдаж байгаа юм.

Гэвч Д.Дорлигжав “Манай дүүгийн данс руу хоёр сая долларыг андуурч шилжүүлсэн байсан. Би нэр төрөө сэргээлгэхээр Т.Ганболдыг шүүхэд өгөх гэсэн боловч хаяг нь олдохгүй байна” гэж eagle телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Харин Алтан Дорнод Монгол компаний ТУЗ-ын дарга Т.Ганболд цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Дөрвөн сая доллар бол энэ хүний авсан нийт мөнгөн дүнгийн нэг хэсэг нь. Энэ асуудал нийт мөнгөн дүнгээрээ хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа” хэмээн ярьсан юм.

Хуульд заасны дагуу цагдан хорин шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд Д.Дорлигжавыг 72 цаг баривчлах үндэслэлтэй байна.

Д.Дорлигжав нь 2009 оноос Улсын ерөнхий прокурор, 2014-2016 онд хууль зүйн сайдаар ажиллаж байсан юм.