Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар энэ сарын 18-аас Америкт албан айлчлал хийнэ.

Тэрээр өнөөдөр эх орноосоо мордсон бөгөөд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Мөн Мянганы сорилтын сантай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурах юм.

Тус гэрээний хүрээнд манай улсад 350 сая америк долларын санхүүжилт орж ирэх бөгөөд үүнийг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм.

Айлчлалын дүнд хоёр тал “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай” замын зураглалыг тохиролцох юм байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Вашингтон хотноо тус улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөлтэй уулзаж, дараагаар нь Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралд оролцохоор төлөвлөжээ. Мөн тэрээр Нью Йоркт болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын уулзалтад оролцож үг хэлэх юм байна.

Харин Америкийн конгрессын гишүүд манай улсад албан айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм.