Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.  

Тус аймгийн иргэд өнгөрсөн жил аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлсэн ба Засгийн газар зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгын санхүүжилт царцсан байсныг энэ оны төсөвт суулгажээ.

Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны эх үүсвэр болох Тайшир-Алтай ус хангамж төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг эхлүүлсэн юм. Эдгээр төслүүдийг богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллана гэж ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.  

Уулзалтын үеэр шударга ёсыг бэхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтуудыг дуусгахыг иргэд хүссэн байна.

Ерөнхий сайд өчигдөр Ховд аймагт ажиллаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн юм.