Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ХНХЯ-ны сайд С.Чинзоригоор удирдуулах шийдвэр гаргасныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд эсэргүүцлээ.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41-р зүйлд Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулж, Ерөнхий сайд толгойлно гэж заасан байдаг.

Гэвч есдүгээр сарын 14-нд Засгийн газрын 289-р тогтоол гарч Ерөнхий сайдын толгойлж байсан уг зөвлөлийг С.Чинзориг удирдахаар шийдвэрлэсэн байна.

“Хөгжлийн бэрхшээл бол зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах асуудал биш. Гэтэл үүнийг хамгийн сайн ойлгох ёстой Ерөнхий сайд маань тогтоол гаргаад, зөвлөлийг тэргүүлэхээс татгалзаж биднийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна” гэж Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл ярилаа.

Зураг: Хараагүйчүүдийн үндэсний холбоо

Иймд гаргасан шийдвэрээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12 сарын гурванаас өмнө буцааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсохыг шаардлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл жилд хоёр удаа хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд яамдтай холбоотой асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг хэлэлцдэг байна.

Сонирхуулбал, Манай улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103.630 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Эдгээрийн 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 42 хувь нь ядуу амьдардаг гэсэн ҮСХ-ны судалгаа байна.